Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохыг дэмжлээ

2016 оны 1 сарын 12

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын наймны өдөр нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хүүхдийн мөнгөтэй холбоотой тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг олгож эхэлсэн. 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулан 246.7 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөгийг төсөвлөж баталсан. Хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.

Хүүхдийн мөнгийг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, Өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлгийн өрхийн 128.795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297.475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд энэ сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болж байгаа юм. Иймд эдгээр өрхөөс 18-20 дугаар бүлэгт багтсан 128.8 мянган хүүхэд болон судалгаанд хамрагдаагүй 297.5 мянган хүүхдийн 30 хувь буюу 87.3 мянга, нийт 216.1 мянган хүүхэд дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах магадлалтай байна.

Иймээс цаашид эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдав.

Уг тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд 1 дэх заалтад “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолын 2 дахь заалтын “1-17 дугаар бүлгийн” гэснийг хасахаар, 2 дахь заалтад уг тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Батцогт, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор болон ажлын хэсгийн гишүүн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул нар хариулт өгсөн юм. Ажлын хэсгийн гишүүдийн хариултаар өрхийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг 2010 оноос эхэлж 2010-2013 онд 450 мянга орчим айл өрх уг мэдээллийн санд хамрагдаж бүртгэгджээ. Харин уг журмыг шинэчилснээр энэ оны эцсийн байдлаар 662 мянган өрх буюу нийт өрхийн 86 хувь нь хамрагдаад байгаа аж. Өрхийн нэгдсэн мэдээллийн сан нь зорилтот бүлгийг илрүүлж, тэдэнд чиглэсэн халамжийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм. Уг судалгааг гурван бүлэг бүхий 55 асуулт, 100-гаад дэд асуулт бүхий дэлгэрэнгүй судалгааны үндсэн дээр хийж гүйцэтгэжээ. Гэхдээ нийт өрхийн 14 хувь нь уг судалгаанд хамрагдаагүй байгаа нь зарим айл өрх уг бүртгэлд хамрагдахыг угаас хүсээгүй, зарим айлд удаа дараа очиход гэр нь хүнгүй байсан гээд янз бүрийн учир шалтгаантай. Иймээс шинээр уг судалгаанд хамрагдах, өрхийн мэдээллийн бүртгэлээ шинэчилж баталгаажуулах боломж иргэдэд бүрэн бий, энэ ажил үргэлжлэн хийгдэж байгаа гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байв.

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ынгишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Я.Санжмятав, Д.Ганхуяг, Р.Амаржаргал, Ч.Улаан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр бүх хүүхдэд өгөх нь зүйтэй, гэхдээ дан ганц тогтоол батлагдсанаар асуудлыг шийдэх боломжгүй тул төсвийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хамтад нь шийдэх нь зүйтэй, иймээс ажлын хэсэг хэлэлцүүлгийн явцад тогтоолын төслийг хуульд нийцүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27707
0 эможи
keyboard_arrow_up