Ажлын хэсгийн гишүүд төслийн талаар санал солилцов
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2016.01.12.Мягмар гараг/ хуралдлаа.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл даргалан явуулав. Ажлын хэсгийн хуралдаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн талаарх Эрх зүйн экспертийн албанаас гаргасан хууль зүйн зөвлөмжийг тус албаны ахлах зөвлөх С.Доржханд танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэн саналаа хэллээ. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Эрх зүйн экспертийн албанаас сайн зөвлөмж, дүгнэлт гаргасныг онцолж, хуулийн төслийг дахин сайтар нягталж сайжруулах, ингэхдээ практикт гарч байгаа үйлдлээс урган гарч байгаа бодит асуудлыг тусгах шаардлагатай байгаа талаар хэлж байсан юм.
Хуралдаанаар асуудалд ажил хэрэгч, тодорхой бодит саналуудыг оновчтой томьёолон нэгтгэж, хуулийн төсөлд тусгаж болох хувилбаруудыг боловсруулан санал хураалтад бэлтгэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
http://open.parliament.mn/content/8309.htm