Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.01.12/ хуралдаан 10 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулав. Учир нь Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол уг хуулийн төслийг намын бүлэг дээр хэлэлцээгүй байгаа тул байнгын хорооны энэ өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасах санал гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороотой хамтарч хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Ингээд тус байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор танилцуулсан юм.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь ОХУ-ын “Интер РАО ЕЭС” компаниас цахилгаан эрчим хүч худалдан авч Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан түгээх сүлжээ компаниудад бөөний үнээр дамжуулан борлуулдаг. Тус компанийн импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг байна. Иймээс Улсын Их Хурлаас хууль гарган 2005 оноос хойш хоёр удаа импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ.
Эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 02 дугаар тогтоолоор “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөхийг даалгасны дагуу тус компанийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байна гэж үзэж уг хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол, Ч.Улаан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулах явцдаа нэгэнт хөрш орнуудаас импортоор авч буй цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх асуудал яригдаж байгаа тул нэг компанийн эрх ашгаас илүүтэй хэрэглэгчдээ дэмжих чиглэлд анхаарч хилийн боомт, гаднаас эрчим хүч авдаг бусад аймгийн сумдыг ч хамруулах нь зүйтэй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Энэ талаар Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуусүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, тус компани нь ОХУ-аас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 2.6 рублиэр, БНХАУ-аас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 0.65 юаниар худалдан авч, түгээх сүлжээ компаниуд нь айл өрхөд 86.8 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагад 124.2 төгрөгөөр борлуулж байна.
Нийтдээ 13 цэгээр цахилгаан эрчим хүч импортолж байгаа, үүнээс өнгөрсөн онд Дорнод аймгийн хоёр сумыг дотоодын эрчим хүчний шугамд холбосон, мөн хил гаалийн байгууллагууд гаднаас авах эрчим хүчний шугамд холбогдсон байдаг ч хэрэглээ нь харьцангуй бага. Иймээс зарчмын хувьд энэ хуулийн төсөл нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн алдагдлыг нөхөхөд чиглэж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад импортоор эрчим хүч авдаг бүх боомт, цэгүүдийг хамруулах боломжтой гэдгийг хэллээ.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.Иймээс хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад холбогдох тооцоо судалгааг хамтад нь оруулж ирэх чиглэлийг ажлын хэсэгт өгөв.
Тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 08-ны өдөр нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20,0 мянган төгрөгийг олгож эхэлсэн. 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулан 246.7 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөгийг төсөвлөж баталсан. Хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.
Хүүхдийн мөнгийг 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, Өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлгийн өрхийн 128,795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297,475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болж байгаа юм. Иймд эдгээр өрхөөс 18-20 дугаар бүлэгт багтсан 128.8 мянган хүүхэд болон судалгаанд хамрагдаагүй 297.5 мянган хүүхдийн 30 хувь буюу 87.3 мянга, нийт 216.1 мянган хүүхэд дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах магадлалтай байна.
Иймээс цаашид эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдав.
Уг тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд 1 дэх заалтад “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолын 2 дахь заалтын “1-17 дугаар бүлгийн” гэснийг хасахаар, 2 дахь заалтад уг тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Батцогт, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор болон ажлын хэсгийн гишүүн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул нар хариулт өгсөн юм. Ажлын хэсгийн гишүүдийн хариултаар өрхийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг 2010 оноос эхэлж 2010-2013 онд 450 мянга орчим айл өрх уг мэдээллийн санд хамрагдаж бүртгэгджээ. Харин уг журмыг шинэчилснээр энэ оны эцсийн байдлаар 662 мянган өрх буюу нийт өрхийн 86 хувь нь хамрагдаад байгаа аж. Өрхийн нэгдсэн мэдээллийн сан нь зорилтот бүлгийг илрүүлж, тэдэнд чиглэсэн халамжийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм. Уг судалгааг гурван бүлэг бүхий 55 асуулт, 100-гаад дэд асуулт бүхий дэлгэрэнгүй судалгааны үндсэн дээр хийж гүйцэтгэжээ. Гэхдээ нийт өрхийн 14 хувь нь уг судалгаанд хамрагдаагүй байгаа нь зарим айл өрх уг бүртгэлд хамрагдахыг угаас хүсээгүй, зарим айлд удаа дараа очиход гэр нь хүнгүй байсан гээд янз бүрийн учир шалтгаантай. Иймээс шинээр уг судалгаанд хамрагдах, өрхийн мэдээллийн бүртгэлээ шинэчилж баталгаажуулах боломж иргэдэд бүрэн бий, энэ ажил үргэлжлэн хийгдэж байгаа гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байв.
Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Я.Санжмятав, Д.Ганхуяг, Р.Амаржаргал, Ч.Улаан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр бүх хүүхдэд өгөх нь зүйтэй, гэхдээ дан ганц тогтоол батлагдсанаар асуудлыг шийдэх боломжгүй тул төсвийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хамтад нь шийдэх нь зүйтэй, иймээс ажлын хэсэг хэлэлцүүлгийн явцад тогтоолын төслийг хуульд нийцүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Дараа нь “Аудитын сэдэв батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Уг тогтоолын хавсралтаар төрийн аудитын байгууллагаас 2016 онд нийтдээ 21 сэдвээр аудит хийхээр тусгажээ. Мөн байнгын хорооноос 2016 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаагэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
http://open.parliament.mn/content/8308.htm