Б.Болор: Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгоно
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцлээ. Тодруулбал, Хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг ялгаваргүйгээр олгох тухай тогтоолыг батлах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-аас 2016 оны төсвийг батлахдаа хүүхэд бүрт сар бүр олгож байсан Хүүхдийн мөнгийг танаж нийт хүүхдийн 60 хувьд олгохоор шийдвэрлээд байсан. Энэхүү шийдвэрийг эргэн харахыг Ерөнхийлөгч Ц.Элбэдорж хүссэний дагуу энэхүү асуудлыг хэлэлцэж буй юм. Хэлэлцүүлгийн явцад байнгын хорооны гишүүдийн олонх нь Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгохыг дэмжиж байсан ч тогтоолын төслийг батлахдаа төсөвтэй нь хамт шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
-Хүүхдийн мөнгийг хавтгайрсан халамж мэтээр иргэдэд нийтэд ойлгуулж болохгүй шүү дээ. Хүүхдийн мөнгө бол АН, МАН-ын санаачилсан асуудал, өнгөрсөн хугацаанд амжилттай ч хэрэгжиж эхэлсэн. Хүүхдийн мөнгийг ямар нэгэн ялгаваргүйгээр олгох хэрэгтэй. Олгохгүй болчихоод байсан Хүүхдийн мөнгийг буцаан олгуулах гэж байна гэж улстөржүүлэх шаардлагагүй. Энэхүү мөнгийг төсвийн тодотгол хийж байж шийдвэрлэх нь зүйтэй. Тэрнээс сүүлийн хагас жилийн төсвөөс өгье гэж хэрхэв ч болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
-Сонгууль ойртож байгаа энэ үед бэлэн мөнгө тараах тухай яриад хэрэггүй. Өнгөрсөн хугацаанд бид 1.7 тэрбум ам.долларыг тараасан байна. Хүүхдийн мөнгийг тараасан мөнгөнд тооцож болохгүй.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал
-Тогтоолын төсөл батлаад 1-17 дугаар бүлгийн хүүхдүүдэд олгоно гэдэг хэсгийг хасаад асуудал шийдэгдэх эсэх нь эргэлзээтэй. Нэмэлт төсвийг хэрхэн батлах вэ. Засгийн газар бонд гаргана, зээл авна гээд л яриад явж байгаа цаг үе гэдгийг бас анхаарах хэрэгтэй.
Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Болор
-Хүүхдэ бүрт Хүүхдийн мөнгө өгнө. Өөр сонголт байхгүй. Төсвийг шийдвэрлэнэ.
Дашрамд Хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийн зарлагыг он бүрээр нь тооцвол 2010 онд 315 тэрбум, 2011 онд 786 тэрбум, 2012 онд 848 тэрбум, 2013 онд 278 тэрбум, 2014 онд 312 тэрбум, 2015 онд 246 тэрбум төгрөг болжээ.