УИХ-ын гишүүн О.Баасанхүү Олон улсын ирвэс хамгаалах сангийн төлөөллийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Олон улсын ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брэд Рүтерфорд, тус сангийн Байгаль орчин, шинжлэх ухаан хариуцсан захирал Чарудутт Мишра нарыг өнөөдөр /2016.01.11/ хүлээн авч уулзав.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Өргөдлийн байнгын хороонд Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах талаар 1500 гаруй өргөдөл ирсэн тухай дуулгав. Мөн тэрээр энэ газрыг тусгай хамгаалалтад авах ямар шалтгаан байгааг төлөөлөгчдөөс тодруулсан юм.
Олон улсын ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брэд Рүтерфорд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Тост, Тосон бумбын нуруу нь газарзүйн хувьд шинэ байршил бөгөөд ирвэсийн маш олон зулзага төрсөн. Мөн нутгийн иргэд, малчид энэ нурууг хамгаалалтад авах хүсэлтийг ирүүлсэн гэдгийг танилцуулсан юм. Мөн тэрээр Монгол Улс ирвэс хамгаалах ажилд тэргүүлэх үүрэгтэй оролцож байгааг онцлоод ирвэс хамгаалах ажилд маш идэвхтэй оролцож байсан талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хувьд маш их харамсаж байна. Түүний хийхээр төлөвлөж байсан зүйлийг бид цааш нь үргэлжлүүлэх болно. Миний хувьд Т.Лхагвасүмбэрэлийг маш сайн мэддэг. Би гэрт нь очиж байсан. Аав ээжтэй нь уулзаж байсан. Т.Лхагвасүмбэрэлийн амь нас эрсэдсэн нь Монгол Улсад төдийгүй дэлхийд маш их гарз тохиосон үйл явдал гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү төлөөлөгчдөөс зарим зүйлийг тодруулаад Т.Лхагвасүмбэрэл агсаны асуудлаар бүх талын төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн Ажлын хэсэг байгуулан ажиллаж, асуудлыг тодорхой болгоход анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
http://open.parliament.mn/content/8293.htm