З.Баянсэлэнгэ: Барилгын салбарын хөгжил мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадвар дээр тогтдог
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ ажлаа аваад 100 дахь хоногтойгоо золгож байна.Түүнтэй ярилцлаа.
-Өнгөрсөн 100 хоногт танай хамт олон чамгүй ажил амжуулсан бололтой. Нэн тэргүүнд шийдвэрлэх, хийхшаардлагатай ямар ажлууд байна гэж та харж байна вэ?
-БХБ-ын сайдын ажлыг аваад 100 дахь хоногтойгоо золгож байна. Хэдий богино ч гэлээ төрийн ажил гэдэг өөрөө төлөвлөгөөтэй цаг хугацаатай байдаг болохоор бас ч үгүй чамлалттай хугацаа биш болов уу.
Сайдаар томилогдоод хамгийн түрүүнд салбарын ажлууд болон томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан. Тэгээд барилга, хот байгуулалтын салбарын 2015-2017 оны стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Газрын тухай багц хууль, Барилгын тухай зэрэг салбарын томоохон хуулиудыг шинэчлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлуудыг үргэлжлүүлэн хийж, хэлэлцүүлж эхлээд байна. “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийг шинэчлэн баталж, Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүллээ.
Улаанбаатар, Эрдэнэт хотод баригдаж байгаа цэвэрлэх байгууламжууд, Буянт-Ухаа-1, 2 хорооллын ажлууд, барилгын материалын үйлдвэрүүд гээд томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь очиж танилцлаа. Очсон газар бүртээ тулгамдаж байгаа асуудлуудыг нь шийдвэрлэхийг хичээж байна.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийслэлд орон сууцны 264 төслийн, аймаг, орон нутагт 184 төслийн гээд нийт 448 төслийн 29328 орон сууц баригдаж байна. Үүнээс 2015 онд 14270 айлын, 2016 онд 14000 айлын, нийт 28270 айлын орон сууц ашиглалтад орохоор байгаа.Мөн гадаадын болон дотоодын санхүүжилтээр нэлээд хэдэн томоохон төслүүд хэрэгжиж байна.Төсөл бүрийн ажлын явц байдлыг санхүүжилттэй тулган нэгбүрчлэн авч үзэж,холбогдох шийдвэрүүдийг гаргаж байна.
-Барилгын хуулийг та өлгийдөж авч байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг ямаршатанд явж байгаа вэ. Салбарын эрхзүйн шинэтгэлийг хэрхэн хийвэл оновчтой гэж үзэж байна вэ?
-Анх 1998 онд Барилгын тухай хууль батлагдаж, 2008 онд шинэчилсэн байдаг. Барилгын салбар хурдацтай хөгжиж, шинэ техник технологи нэвтрэхийн хэрээр эрх зүй болоод нийгмийн шаардлага, эдийн засаг их өөрчлөгдөж, салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх практикийн болоод хууль зүйн шаардлага гарч байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль долоон бүлэг 26 зүйлтэй байгаа, шинэ хуулийн төсөл 9 бүлэг 53 зүйлтэй болж, 50 орчим хувийн өөрчлөлт орлоо.
Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, гуравдагч этгээдийн ашиг сонирхол, барилгын ангилал, барилга байгууламжийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, үндсэн шаардлага, зөвлөх үйлчилгээ, барилгын үйл ажиллагаанд оролцогчдын заримыг хариуцлагын болон амь насны даатгалд хамруулах, барилгын ажил гүйцэтгэж буй газарт сервитут тогтоох зэрэг өнөө үед тулгамдаж буй асуудлыг тусгасан.
Энэхүү шинэчилсэн найруулга батлагдсанаар осол гэмтэл гарах, гарч болох эрсдэлээс хамгаалах тогтолцоо бүрдэнэ гэж харж байгаа. Ашиглалтыг зүгшрүүлэх, тохируулах хугацааг нэг жил болгосон. Ингэснээр шинэ барилгад гарч болох сантехник, цахилгаан дулаан гэх мэт доголдлыг нэг жилийн хугацаанд бүрэн арилгуулах боломжтой болно. Барилга байгууламжийн гадна доторх тохижилт, хийц бүтээцийн ашиглах хугацааг доод тал нь гурван жил байхаар заасан гэх мэт иргэний эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийн талаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлагуудыг тусгаж өгсөн. Уг шаардлагыг хангаагүй барилга байгууламжийн баримт бичгийг хүчингүйд тооцох зохицуулалтыг ч тусгасан байгаа. Миний дурдсан дээрх заалтууд бүгд иргэнд зориулж шинээр тусгагдсан заалтууд юм.
Түүнчлэн иргэн аж ахуй нэгж, харилцагчид, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын үзүүлэх үйлчилгээг хөнгөвчилсөн. Өмнөх хуульд барилгын ажил эхлэхэд зайлшгүй шаардагдах 505 өдөр 124 гарын үсэг цуглуулдаг байсан бол шинэчилсэн хуулийн төсөлд энэ хугацааг 56 өдөр 35 гарын үсэг болгож хөнгөвчилсөн. Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван жил байсныг 5, 10 жилийн хугацаатайгаар олгоно. Тендерийн баталгааг даатгалд хамруулах, баталгаа байршуулах хугацааг гурван жил байсныг нэг жил байхаар хуулийн төсөлд тусгасан. Барилга байгууламжийн эдэлгээний хугацааг 25, 40, 60 жилээр тогтоож, энэ хугацаа дуусгавар болсноор барилгын үйл ажиллагаанд оролцогч талууд хариуцлагаас чөлөөлөгдөх юм. Энэ нь барилгын үйл ажиллагаанд оролцогч талуудад ихээхэн ач холбогдолтой болж байгаа. Эдгээр асуудлуудыг бодлогын түвшинд шийдэж өгсөн энэ хуулийг хэлэлцүүлж батлуулах нь барилга байгууламжийн олон талт үе шатны ажлыг мэргэжлийн түвшинд норм, дүрэм, технологид тулгуурлан гүйцэтгэж байх үндсэн нөхцөл бүрдэнэ.
Авлигажсан төсөв гэж их яригдах болсон. Энэ нь хувь хүний буруугаас гадна барилгын үргэлжлэх хугацаа ихсэх, үнэ ханшийн өөрчлөлттэй их холбоотой. Үүнийг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлахаар тусгасан. Ингэснээр төсөв өндөрсөх, өртгийг оновчтой хуваарилах, цаашдаа чанартай барилга баригдах нөхцөл бүрдэнэ. Барилгын үйл ажиллагаа хөрөнгө мөнгө, техникийн шийдэл, цаг уурын бэрхшээлээс болоод зогсдог. Барилгын үйл ажиллагааг зогсоогоод аюулгүй байдлыг хангах, чанарыг бууруулахгүй байх талаасаа огт арга хэмжээ авалгүйгээр орхидог байдал хавтгайрсан байна. Одоогийн мөрдөж байгаа хуульд энэ талаар тусгасан заалт байхгүй учраас тэр. Үүнээс болоод төсөвт өртөг өсөх, эвдрэх хэмхрэх, осол аваар гарах олон сөрөг үр дагавар гардаг. Шинэ төсөлд хамгаалалтын горим тогтоохоор тодорхой тусгаж өгч байгаа. Ингэснээр барилгын бат бэх, найдваржилтын шаардлага хангасан барилга баригдаж ашиглалтад орох үндсэн нөхцөл бүрдэж байна. Ер нь дүгнэж хэлэхэд, энэ салбарт ажиллаж байгаа 100 гаруй мянган хүн, аж ахуйн нэгж, цаашлаад энэ салбарын хэрэглэгчид болох бүх ард иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан, төрийн бодлогыг оновчтой тодорхойлсон, цаг үеэ олсон хууль зүйн шийдэл болсон гэж хэлж болно. Мөн хуулийг дагаж мөрдөх хэд хэдэн дүрэм, журам батлагдана, ингэж байж энэ салбарын эрх зүйн шинэтгэл бүрэн утгаараа хийгдэх юм.
-Салбарын зах зээлийн чадавх анхаарал татаж байна. Иргэдийн гарт бэлэн мөнгөний хомсдол бийболсонтой холбоотойгоор худалдан авах чадвар буурсан нь барилгын салбарын борлуулалтад ихээхэннөлөөлж байна. Тиймээс иргэдийн хувьд ч барилгын компаниудын хувьд ч орон сууцны зээлийнурьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохтой холбоотой шинэ журмыг хүлээсэн хүлээлт бий болоод байна лдаа?
-Тийм ээ, иргэдийн дийлэнх нь орон сууц худалдан авах чадамжгүй болчихсон өнөө үед 10 хувийн зээлийн урьдчилгааг зөв шийдвэр гэж иргэд хүлээж байна. 30 хувийн урьдчилгааг шууд төлөх боломжгүй иргэдийнхээ орлогод нь тохируулан асуудлыг шийдэх гэж л зүтгээд байгаа хэрэг юм шүү дээ. Энэ ажлыг урагшлуулахын тулд бүх түвшинд чармайж ажиллаж байна. Бид аль болох олон хүнийг хамруулж, чирэгдэлгүй олгох талаас нь бүхий л суурь судалгаа хийж, олон талаас нь олон удаа ярьж хэлэлцсэн.
Ипотекийн зээлийн Засгийн газрын баталгааг хуулийн этгээдээр дамжуулан гаргахаар хуульчилсан. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Ипотекийн зээлийн урьдчилгааны 10 хувийг иргэд төлж, үлдсэн 20 хувийн баталгааг тухайн орон сууцыг барьсан барилгын компани банкинд гаргаж өгөх байдлаар зохицуулахаар ажиллаж байна.
Иргэдэд өрийн дарамт үүсгэхгүйгээр барилгын компанийн шинэ орон сууцыг эргэлтэд оруулах өөрөөр хэлбэл эдийн засгаа хөдөлгөх чадвар бүхий хууль эрхзүйн орчныг бий болгохыг зорьж байгаа. Зээлд хамрагдах орон сууцны мкв-ын үнийн дээд хязгаарыг тогтоож өгөхөөр болж байна. Ингэснээр орон сууцны үнийг хөөргөхгүйгээр дунд болон дундаас дээш орлоготой иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх алхам болно гэж үзсэн.
-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах талаар улс орон даяар мөрдүүлэх нийтлэг журмыгболовсруулж байгаа гэсэн энэ журам ямар шатанд явж байгаа вэ. Барилгын салбарт гарах осол аваарбуурах хандлага байна уу?
-БХБЯ-наас барилгын талбайд болон гадна орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх түүнд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, тогтоомж, стандартын шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”-ыг боловсруулж өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлуулсан байдаг.
Энэ журмыг хүчин төгөлдөр мөрдүүлэхийн тулд Хууль зүйн яаманд бүртгүүлэх шаардлагатай байдаг юм байна. Одоо журмыг бүртгүүлэхээр ажиллаж байна. Ер нь сүүлийн жилүүдэд барилгын салбар хурдацтай хөгжиж, нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт ч өндөр өндөр сайхан барилгууд сүндэрлэн босож хөгжлийн өнгө төрхийг нэмж байна. Гэхдээ үүнийг дагаад чанаргүй барилга болон барилгын осол гэмтлийн талаар байнга л яригдаж, “асуудал” болоод байгаа. Тэгэхээр энэ бүх асуудал, эрсдлийг цэглэхэд дээрх журам маш чухал байгаа юм.
-Евро норм, стандартыг барилгын салбарт нэвтрүүлэх тухай асуудлыг мэргэжилтнүүд олон талаас ньхарж байна. Барилгын чанарыг сайжруулахын тулд дэлхийн жишигт мөрдөж байгаа стандартыгнэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэх нэг хэсэг байхад, шууд хуулах нь цаг хугацаа ихээхэн шаардахын дээрбарилгын төсөвт өртгийг эрс өсгөх сөрөг тал харагдаж байгаа. Таны бодлоор норм, стандартын ямаршийдэл Монгол орны нөхцөлд илүү тохиромжтой бол?
-Юуны өмнө Монгол Улсын барилгын салбар бол үндэсний цогц норм ба дүрэм стандарттай, норматив баримт бичгийн бие даасан тогтвортой тогтолцоотой салбар шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Монгол Улсын барилгын салбар 1960-аад оны дунд үеэс эхлэн ЗХУ-ын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, стандартыг өөрийн орны онцлогтой уялдуулан боловсруулж ашигласаар ирсэн. Сүүлийн арваад жилд зөвхөн ОХУ-ын баримт бичгийг хөрвүүлэх байдлаар нутагшуулах бус Олон улсын барилгын салбарын баримт бичгийг судалж нэвтрүүлж байна. Өнөөдрийн байдлаар барилгын салбарт 34 удирдлагын баримт бичиг, 288 барилгын норм ба дүрэм, 233 барилгын дүрэм, 615 стандарт гээд 1200 гаруй норм, нормативын баримт бичиг, стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Барилга, хот байгуулалтын Сайдын 2015 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 199 дугаар тушаалаар Барилгын салбарын норматив баримт бичгийг Евростандартын жишигт нийцүүлж боловсронгуй болгох “Дунд хугацааны хөтөлбөр 2015-2018”-ийн төсөл, хийгдэх ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулж, Төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна. Бид салбарын норматив баримт бичгээ шинэчилж, евро код, Евростандартууд, Олон улсын стандартуудаас шаардлагатай заалтуудыг өөрийн орны байгаль цаг уурын нөхцөл, газар нутгийн онцлогт тохируулан хэрэглэх, “үндэсний стандарт” болгон боловсруулж гаргах зорилт тавиад ажиллаж байна. Үнэ өсөх асуудал байж болох ч эцсийн зорилго нь барилгын чанар, аюулгүй ажиллагааг хангах үндсэн зорилтоо биелүүлж ажиллах ёстой. Ер нь чанартай барилга, сайн технологи хэрэглэх нь бидний эцсийн зорилго, ард түмний хүсэл зорилго гэж үзэх ёстой юм. Европын холбооны баримт бичгийн төрлийг Монгол улсын барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норматив баримт бичгийн тогтолцоотой хэрхэн нийцүүлэх, энэ үйл ажиллагааг хийхэд мэргэжлийн болоод гадаад хэлний өндөр чадвартай боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх, энэ ажлыг гүйцэтгэх үйл ажиллагааны дэс дарааллыг хэрхэн зөв тогтоох зэрэг асуудлуудыг салбарын Төрийн болон Төрийн бус байгууллагуудын хэмжээнд олон нийтийн оролцоотойгоор цаг алдалгүй нэгдмэл санаа бодолтойгоор ажил хэрэг болгох нь өнөөгийн зайлшгүй хэрэгцээ шаардлага болж байгааг харж ажиллаж байна.
-Хэзээ мөдгүй нурж унах шахсан чанарын шаардлага хангахгүй барилгууд цөөнгүй байна. Хуучинбарилгуудыг нураагаад газрыг нь ашиглах талаар бодлого байна уу?
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулахаар тусгагдсан. Үүний дагуу БХБЯ, НЗДТГ, Японы ЖАЙКА төслийн баг хамтран хуулийн төсөл, үзэл баримтлал, түүнийг даган гарах дүрэм, журмын төслийг боловсруулахаар ажиллаж байна. Энэ хуулиар нягт суурьшилтай хотыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор хотын гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, чөлөөлөн барилгажуулах, барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах, шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг сэргээн засварлах, буулган шинээр барихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.
-Гадны хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн орчин ирээдүйн боломж хэр байна гэж та харж байна. ОХУ-ынБНАА-н дэд сайд А.В.Чибисийн айлчлалын үр дүнг та хэрхэн дүгнэж байна?
-Манай улсад уул уурхайн салбараас гадна хөрөнгө оруулалт татах боломжтой томоохон салбар бол барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар юм. Тийм учраас Барилга, хот байгуулалтын яаманд Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийг өнгөрсөн 1 сард байгуулсан байдаг. Ер нь манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин, ирээдүйн боломж их гэж би үздэг. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталсан. Бас концессын хууль хэрэгжиж байна. Салбарын тусгай зөвшөөрөл авах процедурыг хөнгөвчилсөн болон бусад арга хэмжээнүүдийг Засгийн газрын болон салбарын түвшинд авч ажиллаж байна. Харин эдгээр эрх зүйн боломжуудыг хэрхэн үр ашигтай, үр дүнтэй ашиглаж хэрэгжүүлэх вэ гэдэг их чухал. Үүнд бид суралцах шаардлагатай байна.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд “Хойд Америк, Монголын бизнесийн уулзалт” дээр хэлсэн үгэндээ Монгол Улсад хөрөнгө оруулалтын маш их боломж байгаа боловч хөрөнгө оруулалтад таагүй байдлаар нөлөөлж буй олон хүчин зүйлүүд байдаг талаар онцолж хэлсэн байна лээ. Сүүлийн жилүүдэд манай улсад хөрөнгө оруулалт буурч байгаа гол шалтгаан нь шүүх эрх мэдлийн байгууллагын шийдвэр, шударга бус байдал, Засгийн газар болон УИХ–ын шийдвэрүүдийн зөрүүтэй байдал, бас төр засаг нь бизнесийн асуудалд ашиг сонирхлын өнцгөөс ханддаг зэргийг дурдсан байна лээ. Хамгийн гол нь гадны хөрөнгө оруулагчид ирээдүйн боломжуудаа алдах аюулаас эмээж байгаа нь хөрөнгө оруулалтад нөлөөлж буй томоохон сөрөг нөлөө юм.
Салбарын гадаад харилцааг сайжруулах, хөрөнгө оруулалт татах хүрээнд яам нэлээд зүйлийг хийж байгаа. Жишээ нь удаан хугацааны туршид хоёр талд яригдсан МУ-ын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яамны Ажлын хэсгийн хамтарсан анхдугаар хуралдааныг өнгөрсөн сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Энэ хүрээнд ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн орлогч сайд Чибис Андрей Владимирович ажлын айлчлал хийлээ.
Хуралдаан, айлчлал ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд болж, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж дүгнэж байна. Энэ үеэр шинжлэх ухааны судалгаа хийх, дэвшилтэт техник-технологи нэвтрүүлэх, хот байгуулалт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, мэдээлэл солилцох, барилгын салбарын норм, норматив баримт бичгийг боловсронгуй болгох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх ажлын хүрээнд холбогдох ажлуудыг хэлэлцэж, тохирсон. Түүнчлэн ОХУ-ын “Мортон” групп цэвэрлэх байгууламж, барилга, орон сууц, түүний дотор “Эко Яармаг” орон сууцны хороолол, барилгын материалын үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн технологи нэвтрүүлэх саналыг тавьсан байгаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин