Д.Сугар: О.Баасанхүү “УИХ-ын нэг гишүүний саналаар ЗГ-ын гишүүнийг огцруулж болох шийдвэр гаргаж өгөөч” гэж гуйсан
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ үеэр гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Яг үнэндээ манай цэц улс төржиж байгаа нь үнэн. Сугар гишүүнтэй уулзахад Ардын намынхан намайг дарамтлаад байна гэж ярьж байсан. Тэгсэн ч гэсэн би Ардчилсан намын талд шийдвэрээ гаргаад явж байгаа шүү гэсэн. Тэгэхээр энд Ардчилсан намын ч тэр, Ардын намын ч нөхдүүд байгаа. Цэцийг өмчлөхөд хэцүү байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм” хэмээсэн.
Энэ талаар өчигдөр medee.mn сайтад нийтэлжээ. Харин Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугараас энэ тухай тодруулахад “Үндсэн хуулиар Ерөнхийлөгчөөс эхлээд ямар ч албан тушаалтан Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нөлөөлж болохгүй гэж заасан. Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү үүнийг зөрчөөд, 2015 оны арваннэгдүгээр сарын 25-ны орой “УИХ-ын нэг гишүүний саналаар Засгийн газрын гишүүнийг огцруулж болох шийдвэр гаргаж өгөөч. Манайхан ийм бодолтой байна” гэсэн. Би хариуд нь “Хоёулаа хоёр хуульчийн хувиар, эрх зүйн аргаар энэ асуудалд хандах нь зүйтэй. Энд улс төр хамаагүй. Тэгж яривал МАН-ынхан энэ асуудалд чамаас ч илүү шүүмжлэлтэй хандаж байгаа” гэсэн юм. Тиймээс энэ яриаг өөрөөр гуйвуулж тайлбарлах хэрэггүй. Би ч энэ асуултад хариулж, ач холбогдол өгмөөргүй байна” гэлээ.
Эндээс харвал Цэцийг улс төр “хийх” гэгчтэй хутгахыг өнөөх жигшиж шүүмжлээд байдаг гишүүд өөрсдөө хийж, шийдвэр гаргахынх нь өмнө гуйх, ятгах мэх хэрэглээд, “үгэнд нь орохгүй” болохоор чуулганы танхимд загнаж гутаан гүтгэдэг болсон бололтой.