Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар хэн юу хэлэв?
Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар талаар хэн юу хэлсэн тухай танд хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан : Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхдээ хуулийн хүрээнд ажиллах ёстой
“1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж зайлшгүй өөрчлөх шаардлага байгааг иргэд олон түмэн, судлаачид олон удаа ярьж хэлж байгаа. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан. 1992 оны Үндсэн хууль мөрдөгдөөд 20 гаруй жил болж байна. Улс төр, нийгмийн асуудалтай холбоотой зайлшгүй өөрчлөх асуудлууд байгаа гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилдөг тодорхой, дүрэм журамтай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан. Энэ хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах ёстой байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх санал санаачлагыг дэмжиж байгаа. Харин яаж өөрчлөх процессыг энэ журмын тухай хуулиар явуулах ёстой.
Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тавигдах зургаан шаардлага бий. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсч байгаа субьектууд хуулийн хүрээнд ажиллах нь зүйтэй. Сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдсэн байх ёстой. Мөн хуулинд зааснаар Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай зэрэгцүүлж явуулж болно гэсэн заалт бий.” гэсэн байна./ trens.mn 2015.11.14/
-УИХ-ын гишүүн Г.Уянга: Хүлээн зөвшөөрөгдсөн бүтцээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой
Үндсэн хуулийн өөрчлөлтийг гарцаагүй хийх шаардлагатай. Тус хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл хэмээн ярьж тэмцэж ирсэн. 2012 онд шинэ чуулган эхлэхэд, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентаар ярья. Тэгэхдээ бүх нам хүчний оролцоотой түр Засгийн газар байгуулья. Түр Засгийн газар улс орны өдөр тутмын амьдралыг авч явах хооронд Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг байгуулах ажлыг хийгээд тарья” гэсэн санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед дөнгөж бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан парламентад энэ санаачилга сонсогдоогүй юм шиг байгаа юм.
Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Хоёрдугаарт, системийг тэжээдэг намуудад өөрсдөд нь амьдрах орон зай хумигдаж байна. Орон зай нь ийн хумигдаж байгаа учир амьдрах орон зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байгаа байдал ажиглагдаж байна.
Өнөөдрийн УИХ пропорцианаль системээр сонгогдсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардан хийх боломжгүй гэж би үзэж байгаа. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. /montsame.mn 2015.11.23/
-УИХ-ын гишүүн Г.Уянга: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 500-гаас доошгүй депутат хийх ёстой
Үндсэн хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлага байна. Тус хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл мөн. Нэгдүгээрт, 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Хоёрдугаарт, системийг тэжээдэг намуудын орон зай хумигдаж байна. Тиймээс өөрсдийн амьдрах орон зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яарч байгаа байдал ажиглагдаад байгаа юм. Би бол өнөөдрийн УИХ пропорцианаль системээр сонгогдсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардан хийх боломжгүй. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед 430 депатутын хийсэн хуулийг одоо 76 гишүүн өөрчлөж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд манай улс хоёр сая хүн амтай байсан. Одоо гурван сая болчихлоо. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна. Ард нийтийн санал энэ чиглэлд үүссэн маргааныг хагалах байх гэж бодож байна./news.mn 2015.11.23/
МАН-ын дарга М.Энхболд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүйг дөрвөн үндэслэлээр тайлбарлая
"Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд болсон үйл явдлууд, төр засгийг эмхлэн байгуулсан байдлаас харахад Үндсэн хуульд засч залруулах зүйл байгаа ч өнөөдөртөө хийх боломж бололцоо байхгүй. Тиймээс энэхүү үндэслэлээ дөрвөн үндэслэлээр тайлбарлая.
Нэгдүгээрт, манай улсад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам, парламентад суудалтай таван нам бий. Манай нам энэ оны есдүгээр сарын 6-нд улс төрийн 20-иод намыг урьж үндэсний зөвшилцлийн 12 дахь удаагийн уулзалтыг хийсэн. Энэ уулзалтаар парламентад суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх боломжгүй, улс орны өмнө тулгамдсан өөр асуудлуудаа ярьж шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн намуудын дөрөвний гурав нь одоогийн УИХ-ыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж дүгнэж байна.
Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн гишүүдийн санаа бодлыг бүрэн тусгаагүй. Жишээ нь, Үндсэн хуулийг эх хууль гэж нэрлэж байгааг, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох гэж байгааг, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, ард нийтийн санал асуулга явуулах гэж байгааг ажлын хэсгийн гишүүдтэйгээ огт ярилцаж тохироогүй. Хуйвалдааны юм уу эсвэл ямар нэг арга замаар нэг хүн ажлын хэсгийн төвшинд огт яригдаагүй асуудлыг төсөлд оруулж ирсэн гэж ажлын хэсгийн гишүүд ярьж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн дүгнэлтэд ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог гарын үсэг зураагүй. Ажлын хэсгийн есөн гишүүний хоёр нь гарын үсэг зураагүй. Үндсэн хуулийн нэрийг өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг дэмжихгүй хэмээн манай хоёр гишүүн хуулийн төслөөс нэрээ татвал ажлын хэсгийн гишүүдийн санал 50 хувьд хүрэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс төслийг хэлэлцэхэд хүндрэл гарна.
/Nam.mn 2015.11.18/
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Ийм богино хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар үндэслэл, шаардлага байна вэ?
Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Түүнээс хойш хугацаа байхгүй. Арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө гэвэл 40 гаруй хоног үлдсэн байна. Энэ хугацаанд бүхэл бүтэн дөрвийн дөрвөн хуулийг өөрчилж амжих уу?/gogo.mn 2015.11.09/
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрхгүй
Би дэмжихгүй, яаж дэмжих юм бэ.
-Яагаад…
-Яагаад гэвэл Үндсэн хуульд гар хүрэх ёс суртахууны ямарч эрх энэ УИХ-д байхгүй. Ийм дампуу, улс орын эдийн засгийг сүйрэлд хүргэж, төрийн хямрал бий болгож байгаа Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй, нэгд. Хоёрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Тэр хуульд “УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гээд заачихсан. Одоо тэр зургаан сарын хугацаа нь тоологдож эхлэх гэж байна. Гуравдугаарт, сая өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлт гээч юмыг эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй. Гарын үсэг зурахаас өмнө шүү. Тэгээд намууд улстөрийн шийдвэрээ гаргах ёстой. Үндсэн хууль бол аль ч улсад улс төрийн хамгийн том баримт бичиг байдаг. Тийм учраас улс төрийн намууд шуу ухаантай юм бол, тэр дундаа МАН гэж байгаа санаатай юм бол улс төрийн хамгийн том баримт бичгийг өөрчлөх эсэхэд оролцох, үгүйгээ өндөр төвшиндөө ярилцах ёстой. Энэ бүгдийг бодоод үзэхээр цаг хугацааны хувьд ч амжихгүй. Хамгийн гол нь дахиад хэлэхэд өнөөдрийн орчинд, энэ УИХ-д Үндсэн хуультай ноцолдох ёс суртахууны эрх байхгүй./nam.mn 2015.11.11/
УИХ гишүүн С.Баярцогт: Жижиг улс төрөө хойш тавьж чадвал Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой
Аливаа Үндсэн хуулийг хэд хэдэн шинжээр шинждэг. Үндсэн хууль бол нэг талаас хуулийн баримт бичиг, нөгөө талаас улс төрийн баримт бичиг. Тухайн улсын төрийн тогтолцоо нь ямар юм, хүний эрхээ яаж зохицуулдаг юм гэсэн гол харилцааг л зангиддаг үндсэн баримт бичиг. Тэр утгаар нь аваад үзэхэд Үндсэн хууль өөрөө хэд хэдэн шинжийг агуулах ёстой. Нэгдүгээрт урт хугацаанд үйлчлэх ёстой улс төрийн баримт бичиг. Дээрээс нь олон түмнээр буюу ард нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн легитим чанартай байх ёстой. Бас улс төрийн зөрчлүүдийг зохицуулж чаддаг, нийгмээ удирдаж чаддаг гол үндсэн баримт бичиг байх ёстой. Нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ч юм уу, шинэчилсэн найруулга хийх асуудал нь цаг хугацааны шалгуураар заавал хэмжигдэх ёстой. Манай улсын хувьд 1924, 1940, 1960, 1992 гээд дөрвөн удаа цоо шинээр Үндсэн хуулиа бичсэн. Дундажлаад үзвэл Үндсэн хуулиа өөрчилж байсан хугацаа нь 23 орчим жил. Дараагийн том хэмжээний өөрчлөлтөө хийх хугацаагаа 2015 он гэж үзвэл 23 жил болчихжээ. Цаг хугацааны хувьд 20 гаруй жил тогтвортой үйлчилсэн гэж үзэх юм бол 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн байна. Тэгэхээр одоо тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийж болно. Энэ бол Үндсэн хуулийг яагаад одоо өөрчлөх ёстой вэ гэсэн асуултын эхний хариулт./eagle.mn 2015.11.23/
УИХ-ын гишүүн М.Батчимэг: Энэ УИХ-ын хийх ёстой хамгийн чухал ажил бол Үндсэн хуулийн өөрчлөлт
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр гурван жилийн турш яригдсан. Өргөн бариад байгаа энэ төслийн агуулга нь нэлээд удаан хэлэлцэгдсэн, яригдсан зүйлүүд. УИХ-ын гишүүдийн хувьд энэ төсөлд цоо шинэ зүйл бараг байхгүй гэж бодож байна. Хугацаа алдсан тал бол бий. Гэхдээ УИХ-ын гишүүд ард түмнээсээ үнэхээр асууя гэж бодвол, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэж шийдвэл зохион байгуулах бололцоо бий. Олон удаагийн УИХ, орон нутгийн сонгууль явуулж ирсэн бэлэн бүтэц, туршлага байна. Улсын хэмжээнд энэ зохион байгуулалтыг богино хугацаанд хийх боломж бий шүү дээ. Арваннэгдүгээр сарын 26-нд бүр амжихааргүй бол хэд хоногоор сунгаад бэлтгэлээ хангах ч боломжтой. Ирэх оны сонгуулийг зургадугаар сарын хоёрдугаар хагаст болно гэж тооцвол бидэнд Үндсэн хууль батлах хугацаа 2016 оны нэгдүгээр сарын 15 хүртэл байна гэсэн үг. 1992 оны цоо шинээр баталсан Үндсэн хуулийг Ардын их хурлын 430 төлөөлөгч 60 хоног хэлэлцэж баталсан юм билээ. Тэгвэл олон жил яригдсан энэ удаагийн цөөн өөрчлөлтийг УИХ-ын 76 гишүүн 3-4 долоо хоног тасралтгүй хэлэлцэхэд батлах боломжтой гэж би бодож байна. Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно гэж үг байдаг. Гол нь энэ өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзэл байгаа эсэхэд л асуудлын гол нь байгаа. /Niitlegchid.mn 2015.11.15/
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг олон нийт хүсч байгаа
УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн хууль, Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хамтад нь өргөн барьсан./mminfo.mn 2015.11.13/
Судлаач Г.Цэрэнжамц: Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх УИХ-д байхгүй
Тиймээ нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Б.Чимэд багшийн нэрлэснээр дордуулсан долоон өөрчлөлт орсон. Ард түмэн УИХ-с энэ нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгохыг удаа дараа хүссэн ч амжилт олоогүй л явна. Одоо хуулийн төсөл яригдаад эхэлж байна. Өмнөх алдаагаа засаж чадахгүй байгаа УИХ-д дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг Монгол Улсын иргэний хувьд би хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ард түмэн ч надтай санал нэг байгаа гэдэгт итгэж байна./today.mn 2015.11.16/
Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг: Энэ УИХ-ын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах оройтсон
Үндсэн хууль судалдаг ганц, нэг эрдэмтэнээс асуусан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ томъёолол тодорхойгүй байхад уг эрдэмтэд ерөнхий агуулга л ярих уу гэхээс юуг, яаж тодорхойлох гээд байгаа, ямар арга зүйгээр бичиж, тэрний эцсийн үр дагавар нь нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ? гэдгийг шинжлэх ухаанчаар хэлэх ямар ч бололцоо байхгүй. Энд тэндээс сонссон бөөн мэдээллээ хольж нийлүүлээд, тэгээд түүнийг судалсан гээд байвал утгагүй биз дээ. Ямар ч байсан Үндсэн хуулиас болоод улс хөгжихгүй байна гэдэг ойлголтыг ард түмэнд төрүүлэх гэж хичээж, түүндээ итгээд яваад байгаа нь хууль санаачлаад байгаа улс төрчдийн буруу.
Хэн хэдэн удаа Үндсэн хуульд нэмэлт оруулах гэж төсөл өргөн мэдүүлж байсан талаар бичсэн байна лээ. Тэгээд тэр бүр дээр дүгнэлт, мониторинг нь байхгүй. Тийм тоог хэлээд хэлэлцсэн, судалсан, мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан гээд байгаа нь монголын ард түмнийг ихэд дор үзэж байгаагийн шинж гэдгийг хатуу хэлмээр байна.
/Sonin.mn 2015-11-18/
УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг яг мөн
Одоо л яг цаг нь мөн. Энэ их будлиан, талцал, үл ойлголцол чинь Үндсэн хуулийн өөрчлөлт рүү шахаад байна шүү дээ. Тиймээс намууд нэг удаагийн сонгууль биш, илүү холыг харж улс орны ирээдүйг бодсон шийдвэр гаргах хэрэгтэй.
1992 оны Үндсэн хууль муу хууль биш. Төдийгөөс өдий хүртэл энэ хууль биднийг зүглүүлж, чиглүүлж явсан. Монгол Улс бүс нутагтаа үлгэрлэх хэмжээнд ардчиллыг тогтоож чадсан улс боллоо. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж, үүнийг дагаад Монгол Улсын нийгэм, эдийн засаг ч хурдацтай хөгжиж байна. Энэ хурдацтай хөгжилтэй Үндсэн хууль хөл нийлж чадаж байна уу гэх асуулт хариу нэхэх болсон. Би бол Үндсэн хуульд гар хүрэх цаг нь болсон гэж бодож байгаа.
Үндсэн хуулийг байнга өөрчлөөд байж болохгүй л дээ. Гэхдээ бас гар хүрч болдоггүй эд биш. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагаж, хөл нийлүүлж байх ёстой. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуулийн юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг хангалттай ярилаа. Нэг л болохгүй байгааг нь судлаачид ч, эрдэмтэд ч хэлж байна. Тэгэхээр болохгүй байгаа зүйлээ засаж, янзлаад явах юм бол Монголын төрийн өнгө төрхөд өөрчлөлт орно, иргэдийн төрдөө итгэх итгэл сэргэнэ. Хөгжил дэвшилд хүрэх зам ч дардан болно гэж бодож байгаа. /2015.11.16 demparty.mn/
УИХ-ын гишүүн С.Оюун: Монгол улсын хөгжлийн замыг дардан болгохыг зорьсон
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд туссан 99 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байх зэрэг нь бүхий л хэвлэл мэдээллийн мэдээнүүдийн онцлох гарчиг болоод яваад байна. Энэ бол онцлох өөрчлөлт биш. Шаардлагатай бол энэ саналыг хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг татаж болно гэж би хувьдаа бодож байгаа. Энэ бол нэг гишүүнд ногдох хүн амын дэлхийн дундажаар үндэслэсэн. Хоёр сая гаруй хүн амтай байсан. Өнөөдөр 3 сая хүн амтай болж нэмэгдсэн. Тиймээс үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй гэж ярилцсан. Жишээлбэл, би 20 мянган хүн төлөөлдөг байсан бол өнөөдөр 30 мянган хүнийг төлөөлж байна. Нэг гишүүнд ногдох хүн амын төлөөлөл нь нэмэгдэхээр тэр бүр иргэндээ хүрч чадахгүй. Өнгөцхөн харахад баахан гишүүн нэмэгдэж байгаа мэт боловч парламентын гишүүд нэмэгдсэнээр төлөөлж байгаа хүндээ хүрч чадна. Шийдвэр гаргалт дээр олон хүний санаа бодол тусч оролцоно. Ардчилал өөрөө зөв зүйтэй байхын тулд олон хүний, гишүүдийн санааа бодол тусах ёстой.
УИХ-ын гишүүнийг эгүүоэн татах заалт заавал Үндсэн хуульд байх албагүй. Өөр хуулиар зохицуулж болно. УИХ хариуцлага хүлээнэ гэдэг нь парламент тарах, тараахыг бас хэлээд байгаа юм. Тухайлахад нэг нам УИХ-ын сонгуулиар олонхи боллоо. Олонхи болсон нам нь Ерөнхий сайдаа томиллоо. Ерөнхий сайд нь намынхаа мөрийн хөтөлбөр, амласан амлалтуудаа хэрэгжүүлэхийн төлөө явна. Гэтэл Ерөнхий сайдын ажлыг УИХ нь хийлгэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа бол УИХ тараад ,ард түмэн дараа нь хэнд саналаа өгөхөө шийднэ гэсэн санаа цаана нь байдаг юм байна. Гэхдээ дөнгөж сонгогдонгуутаа Ерөнхий сайд парламентаа ганц жилийн дотор тараагаад байж болохгүй. Тодорхой заасан хугацаа байдаг юм билээ. /Parliament.mn 2015.11.20/
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж энэ талцал, намчирхалыг зогсооно
Энэ парламент байгуулагдснаас хойш Үндсэн хуулийн асуудлаар хоёр ч өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллалаа. Эхнийхийг УИХ-ын дэд дарга Л.Цог, дараагийнх нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалсан юм. Энхбаатар, Солонгоо гээд Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэжсэн багш, эрдэмтэн судлаач нар оролцож тайлан гэсэн томоохон баримт бичиг гаргасан байдаг. Үүнд "25 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль үүргээ их сайн биелүүлсэн байна, тиймээс шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй, харин нэмэлт өөрчлөлтийн түвшинд л тулгуур хуульдаа “гар хүрч” болох юм" гэсэн дүгнэлт гаргасан. Ингэж “засвар” оруулахдаа юунд дээр анхаарах вэ гэдгийг ч тайландаа тодорхой оруулсан байгаа.
Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван шаардлага байна гэж харж байгаа.
/times.mn 2015.11.18/
УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан
-Үндсэн хууль өөрчлөлт оруулах тухай асуудал энэ жил ч юм уу, одоо яригдаж байгаа асуудал биш. Түрүүчийн парламент дээр хэд, хэдэн удаа гишүүд болон намын бүлгүүдийн хүрээнд яригдсан асуудал байгаа юм. Саяны энэ өөрчлөлтийн асуудлаар төсөл санаачлагч хүмүүстэй ярилцах хүрээнд ямар ч байсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдэг чиглэлээр гарын үсэг зурсан. 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Тэр дотор миний бие гарын үсэг зурсан./ demparty.mn 2015.11.11/
Д.Үүрцайх: ҮХ-ийн өөрчлөлтийг энэ агуулгаар нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй
Үндсэн хуулийнийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах шатнаасаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт ору