УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан лекц уншина

2015 оны 11 сарын 13

Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг 2014 онд бий болгосон билээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлээрээ шалгарч Бяраагийн Чимидийн нэрэмжит анхны шагналтан болсон юм.

Улсын Их Хурлын Тамгын газраас жил бүр Бяраагийн Чимидийн нэрэмжит Улсын Их Хурлын шагналтны хүндэтгэлийн лекцийг уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү хүндэтгэлийн анхны лекцийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16.00 цагаас Төрийн ордны их танхимд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл” сэдвээр унших гэж байна.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан төр, эрх зүйн онол, түүх, үндсэн хуулийн эрх зүй, парламентат ёс, эрх зүйн философи, улс төр судлалын чиглэлээр олон арван ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл бичсэн манай улсын хууль зүйн салбарын нэртэй эрдэмтний нэг юм. Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Г.Совд Д.Лүндээжанцангийн туурвисан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлийг үнэлж бичихдээ, “Доктор Лүндээжанцан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахаас эхлээд түүнийг батлах, хэрэгжүүлэх зэрэг бүх асуудалд биечлэн оролцож ирсэн нэр хүнд бүхий улс төрчөөс гадна төрийн засаглах эрх мэдэл хуваарилах асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийж, хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалсан нэг сэдэвт зохиол туурвисан том эрдэмтэн юм. Учир иймд энэ асуудлаар доктор Д.Лүндээжанцангийн бүтээл онолын гүнзгий үндэслэлтэй, практикт эрхэм өгөөжтэй, үнэ цэнэтэй болжээ” хэмээсэн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бяраагийн Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номдоо “Төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг Үндсэн хуульдаа тунхаглаж бататган тусгасан бол аяндаа хэрэгжинэ гэж үзэж болохгүй. Учир нь сайхь зарчмын шаардлагууд “амьдралын бичигдээгүй хуулиуд”-аар зөрчигдөх нь цөөнгүй” хэмээн Д.Лүндээжанцангийн бичсэнийг ишлэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 1990 оноос хойш Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй 7 удаа сонгогдон ажиллаж байгаа төрийн түшээ бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга, намын бүлгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын даргын албыг хашсан мэргэшсэн парламентч юм. Тэрбээр 1991-1992 онд Үндсэн хуулийг АИХ-ын хуралдаанаар хэлэлцэхэд Бяраагийн Чимид агсны хамт Үндсэн хуулийн эхийг баригчаар ажилласан бөгөөд одоо тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа юм хэмээнУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26383
0 эможи
keyboard_arrow_up