НББСШУ-ны байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолоор байгуулагдсан “Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хурал өчигдөр хуралдсан байна.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, Ж.Батсуурь, С.Ганбаатар, А.Тлейхан, Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Төмөрбаатар, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын Нэгдүгээр хэлтсийн захирал Г.Гүнжидмаа, шинжээч М.Доржмаа, нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцсон байна..
Хуралдаанаар Ажлын хэсгийн танилцуулга, хяналт шалгалтын үр дүн, Үндэсний аудитын газрын тайлан болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгах, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд болон холбогдох хууль хяналтын байгууллагад эмнэлгийн байгууллагуудын эзэмшил газрыг хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлийг цуцлах, эзэмшил газрыг чөлөөлөх асуудлыг судлан үзэж, арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүлэхээр тогтжээ.