Ирэх оны төсвийн тухай хуулийн 2 дахь удаагийн хэлэлцүүлэг эхэллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.10.Мягмар гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэллээ. Төсвийн тухай хуулиудын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Тус байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг Улсын Их Хурлын байнгын хороод, Үндэсний аудитын газар, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдээс гаргасан санал, дүгнэлтийг судлан үзэж, санал боловсруулан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Ажлын хэсгээс Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн төслийн саналыг Засгийн газраас өргөн барьсан саналтай зэрэгцүүлэн үзвэл нэгдсэн төсвийн орлого 30.5 тэрбум төгрөгөөр, зарлага 48.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн тэнцэл -919.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.3 хувь болж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллөөр тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байна гэдгийг байнгын хорооны танилцуулгад дурдав. Мөн байнгын хорооны хуралдаан дээр ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн санал хураалгаж шийдвэрлэсэн. Улсын Их Хурал дахь Ардчилсан нам, Монгол Ардын Намын бүлгүүд байнгын хороодын хуралдаан дээр бүлгийн гишүүдийнхээ гаргасан зарчмын зөрүүтэй саналаа татан авч байгаагаа мэдэгдсэн тул тэдгээр саналуудаар санал хураалгаагүй. Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдийн болон Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, С.Дэмбэрэл нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгасныг дурдлаа. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн, дэмжээгүйгээр нь ангилан гишүүдэд тараасан байна.Ирэх оны улсын төсвийн тухай хуулиудын төслийн талаарх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Монгол ардын намын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус намын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлтийг тус дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нар танилцуулсан юм. Ингээд ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийн явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэллээ. Байнгын хорооноос төсвийн орлогыг бууруулах чиглэлээр Гадаад хэргийн сайдын төсвийн багцын Олон улсын хамтын ажиллагааны сангийн зардлыг бууруулсантай холбоотойгоор өөрийн орлогыг 1 тэрбум 800 сая төгрөгөөр бууруулахаар гаргасан саналтай холбогдуулан гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналыг дэмжсэнгүй.
Харин урсгал зардал бууруулах чиглэлээр чиг үүргийн онцлогийг харгалзан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайдын төсвийн багцын гадаад албан томилолтын зардлыг тус бүр 1,000.0 сая төгрөгөөр, бусад бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын гадаад албан томилолтын зардлыг 100 хувиар буюу 3,145.6 сая төгрөгөөр, нийт 5,145.6 сая төгрөгөөр гадаад албан томилолтын зардлыг бууруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын даргын төсвийн багцын дотоод албан томилолтын зардлыг 2,000.0 сая төгрөгөөр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд, онцгой байдал, цагдаа болон хууль сахиулах зарим байгууллагаас бусад бүх шатны төсөвт байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 25 хувиар буюу 2,352.1 сая төгрөгөөр, нийт 4,352.1 сая төгрөгөөр дотоод албан томилолтын зардлыг бууруулахаар ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүдийн 82.5 хувь нь дэмжсэн юм. Ингээд хуралдааны ирц хангалтгүй байсан тул хуралдаан даргалагч чуулганы энэ өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааныг 20 цаг 48 минутад завсарлуулав. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.