Ж.Батсуурь гишүүний эхнэр 33 хоног хоригдсоны нөхөн төлбөрт 21 сая төгрөг авахаар болжээ

2015 оны 11 сарын 05

        Олон нийтийг доргиосон “Цэвэр агаар” сангийн хэрэгт УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ж.Батсуурийн эхнэр холбогдож 33 хоног цагдан хоригдсон. Гишүүний эхнэр МХЕГ-ын санхүүгийн хяналтын улсын байцаагчаар 20 гаруй жил ажиллажээ. Тэрээр 2012 оны 2-3 дугаар сард “Цэвэр агаар” сангийн 2011 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн баримтын шалгалт хийсэн. Энэ шалгалтаар 12 компанитай холбоотой 11,2 тэрбумын зөрчлийг илрүүлж 1.4 тэрбум төгрөгийн акт тогтоосон. “Цэвэр агаар” сангийн удирдах хүмүүс “Шар голын энерго”, “Шар голын энерго болд” гэдэг ижил нэртэй хоёр компанийг хөрөнгө мөнгө ашиглах зорилгоор байгууллагад улсын хөрөнгийг идэж ашигласан байдаг. Гэтэл 20 жил санхүүгийн байцаагч хийсэн гишүүний эхнэр нь хоёр компанийг Болд гэдэг захиралтай нэг компаний юм байна гэж “андуураад” бүх тооцоог нь “Шар голын энерго”-д холбогдуулан хийж акт тогтоожээ. Ингээд тус компанид хууль бусаар шилжүүлсэн 1,9 тэрбумыг илрүүлж буцаан төлүүлээд төлөгдөөгүй байсан 260 сая акт тавьж мөн маргаантай байсан 560 сая төгргөгийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэнэ. Гэтэл гишүүнийг эхнэрийг албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн эрүү үүсгэж анхан шатны шүүхээс 1 жилийн тэнсэн өгсөн. Эн ялыг давж заалдах шатны шүүх баталсан бол УДШ хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Тэрээр сэжигтнээр тооцогдсон 2013 оны 8-р сарын 13-ны өдрөөс эхлэн Үндсэн хуульд заасан иргэнийхээ эрхийг хязгаарлуулж гадаад зорчих эрхээ хасуулжээ, байгаа газраасаа явахгүй байх үүрэгтэй болжээ. Улмаар 2014 оны 1-р сарын 10-ны өдрөөс эхлэн хууль бусаар цагдан хоригдсон гэнэ. Өөрийнх нь бичсэнээр “..ийнхүү хууль бусаар цагдан хоригдож байх хугацаанд Монголын бүхий л ард түмний баяр цагаан сарын шинийн нэгэн болж аав, ээж, ах дүү, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ мэндээ мэдэлцэн золгож, шинэлж чадалгүй хорих газарт хоригдон хилсээр цоожлогдон сунасан жадтай, сумалсан буутай, чанга хатуу харуул хяналтын дор шаналж зовж өнгөрөөсөн юм” гэсэн нь өрөвдөхгүй байхын аргагүй. Мөн ял шийтгүүлснийг нь Монголын бүх телевизүүд/MT,NTV,UB,TV-8,TV-9,C1/, сонин хэвлэлүүдээр /Өнөөдөр, Өдрийн сонин, Монголын үнэн/ гэх мэт цахим мэдээллээр мэдээлсэн тул “…Монголын бичиг үсэг мэддэг, хараагүй сонсголгүй хүмүүсээс бусад бүх хүнд цацагдсан ба түүгээр ч барахгүй зарим сонинуудаар интернетийн дэлгэцнээ тавигдсан учраас Монголд төдийгүй тив дэлхийн улс гүрнүүдийн иргэдэд гэмт хэрэгтэн гэж мэдээлэгдсэн юм” гэжээ. Ийнхүү гишүүний эхнэр дэлхийн хэмжээний “гэмт хэрэгтэн” болсон гэнэ. Үүнээс гадна ахин санхүүгийн хяналт шалгалтын ажлаа үргэлжлүүлэн хийвэл мөн л дээрх адилаар хилс хэрэгт буруутгагдан хоригдоно гэж айгаад дуртай ажлаасаа ч гарчээ. Ийнхүү өдгөө хэрэг нь хэрэгсэхгүй болсон тул хохирлоо төрөөс нэхэмжилжээ. Цагдан хоригдсон 33 хоног, хилс хэрэгт холбогдулан шалгуулсан 1 жил 2 сар 5 хоногоо оруулаад сэтгэл санааны хохироллд 50 сая, өмгөөллийн хөлсний 15 сая зэрэг нийт 66 сая төгрөг нэхжээ. Харин шүүх гишүүний эхнэрийн хохирлыг 21 сая төгрөгөөр тогтоожээ.
  NUUTS.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26212
0 эможи
keyboard_arrow_up