Өнөөдрийн УИХ-ын чуулганаар тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах, эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дээрх шийдвэрийн төслийг бэлтгэж энэ хүрээнд эрх зүйн болон бодлогын шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхээр тусгажээ.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн билээ.
Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүд холбогдох Байнгын хорооны дэмжлэг аваагүй саналын томьёоллоор санал хураалтаа үргэлжлүүлэн хийв.
Байнгын хорооны хуралдаан дээр олонхын дэмжлэг аваагүй хэдий ч чуулганы нэгдсэн хуралдаанаар саналаа дэмжүүлэхээр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд санал гаргах болсон үндэслэлээ тайлбарлаж үг хэллээ. Тухайлбал, зарим зээлийн хөрөнгийг нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж буйд тэд шүүмжлэлттэй хандаж тэдгээрийг хуульд нийцүүлэн тусгах, цалин, тэтгэврийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх, төсвийн урсгал зардлыг бууруулах, төсвийн зардлыг хямдруулах, зөв зарцуулах үүднээс санал гаргасанаа тайлбарлав.
Тодорхой саналууд холбогдох Байнгын хорооны болон чуулганы өнөөдрийн хуралдаан дээр тус тус олонхын дэмжлэг авахгүй байгаа нь тэдгээрт тусгагдсан асуудлууд хэрэгжиж буй буюу төсөлд тусгагдсантай холбоотой гэж Улсын Их Хурлын зарим гишүүд хариу үг хэлэв.
Үүний дараа санал хураахад, “Төсвийн хөрөнгийн урсгал зардлыг 20 хувиар бууруулах”, “Татвар төлөгчид, төрийн бус байгууллагаас төсвийн хөрөнгийн зарцуулалтаар хяналт тавих, шалгалт хийх”, “Төсвийн зарцуулалтыг хамт олондоо мэдээлэх, хэвлэлд тайлангаа мэдээлж байх” зэрэг санал Улсын Их Хурлын гишүүдийн олонхын дэмжлэг авч улмаар тогтоолын төслийн хавсралтад тусгагдахаар боллоо.
Харин “Төсвийн хөрөнгөөр хэвлэл, мэдээлэлд сурталчилгаа хийх, хаалтын гэрээ хийхийг хориглоно” гэсэн саналд тусгагдсан асуудал нь маш чухал бөгөөд санал хураалтаар шийдэгдэхгүй учир энэ асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хаалттай хуралдаанаар авч хэлэлцэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавьж, мөн энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулахыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдэд санал болгов.
Ийнхүү зарчмын зөрөөтэй асуудлаар санал хурааж дуусгаснаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг өндөрлөж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы маргаашийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.