Б.Болор: Дотоод өр замбараагаа алдсан

2015 оны 10 сарын 30

- Төсвийн алдагдлаа бонд гаргаж нөхсөөр байгаад ийм байдалд  хүрсэн. Асар их мөнгө орж ирж байсан 2010, 2011  оны үед ч алдагдалтай төсөв батлаад дотоодын бонд гаргаж байсан-

УИХ-аар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Эл асуудалтай холбогдуулан Сангийн сайд Б.Болороос дараах тодруулгыг хийлээ.  


-УИХ 2016 оны төсвийн төсөл хэлэлцэж байна, Засгийн газрын өргөн барьсанаас хэр өөрчлөгдөн батлагдах төлөвтэй байна вэ?

-Олон улсын байгууллагууд манай оруулж ирсэн төсвийн төслийг үнэлж байгаа. Сонгуулийн өмнөх жил маш зоригтой төсөв өргөн барьсан гэж... Өмнөх Засгийн газрууд сонгуулийн өмнөх жилийн төсвийг 2-3 дахин нэмж оруулж ирдэг байсан. Жишээлбэл, 2012 оны төсвийг батлахдаа 745 тэрбум төгрөгийн цоо шинэ хөрөнгө оруулалтыг тавьж байсан. Бид 100 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт л хийхээр тусгасан. Гэтэл үүнийгээ “00” болгоё гэх байр суурь голлох шинжтэй байна.  Ингэхдээ шинэ хөрөнгө оруулалтыг хасаад оронд нь өөр зүйл оруулах үзэл тойргоос сонгогдсон гишүүдээс илрээд байна.

Хоёрт, сүүлийн жилүүдэд улсын төсвийг алдагдалтай боловсруулан өргөн барьдаг байсан. Харин 2016 онд таналттай, хасалттай, хэмнэлттэй төсөв өргөн барьсан. Төсвийн дараа дараагийн жилүүдийн бодлогыг зөв болгох төслийг өргөн барьсан. Гэвч өргөн барьсан төсөв  нэлээн задарч байна.  Улс төрийн популизмыг их хийж байна. Улстөрчид данхар бүтцээ багасга гэх хэрнээ цомхотгоод оруулаад ирэхээр ажилгүй болголоо гэж шүүмжилж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо маш их хэмжээгээр нэмэгдсэн. Албан байгууллагуудын төсөв 4-20 дахин өссөн байдаг. Үүнийг 10 хувийн хэмнэлт хийе гэхэд асуудал босч байна. Нэг байгууллагын зардал сүүлийн 10 жилийн хугацаанд 10 дахин өссөн байх жишээтэй, 10 хувиар бууруулъя гэхэд болохгүй гээд популизм хийж байна. Ажлын алба байгаад ажил сайжирна гэсэн үг биш. Яамд, газрууд нь хийгээд л явна. Гэтэл үүнийг эсэргүүцэж байна, 2016 оны төсөв анх өргөн баригдсанаасаа задрах тал руугаа орж байна.

-Ямар шалтгаанаар Засгийн газар Засгийн газрын бүтцийг өөрчлөх төслөө татсан юм бэ?

-Засгийн газрын бүтцийг цомхон болгох төсөл оруулж ирсэн ч УИХ тогтворгүй болгох зүйлдээ ашиглах гээд байсан учир татахаас аргагүй болсон.

-Ирэх оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэхийг сөрөг хүчнээс шаардаж байсан. Цалин, тэтгэвэр нэмэгдэх үү?

-Тэтгэврийг сүүлийн хоёр жил дараалан нэмсэн. Цалингийн хувьд хүндрэлтэй. Ер нь цалин нэмнэ гэж дэлхийн аль ч оронд зарлаж, тунхагладаггүй. Цалин нэмэх эсэх  нь зөвхөн төрийн алба хаагчдад хамааралтай. Цалин нэмнэ гэж зарлах нь  1.2 сая хүн ажиллаж байгаа хувийн хэвшилд энэ нь асар хор хөнөөлтэй. Яагаад гэвэл хувийн хэвшилд ажилладаг хүний цалин нэмэгддэггүй.  Гэтэл төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний барааны үнийг нэмдэг. Үүнээс болж малчид, хувийн хэвшлийн салбарынхныг хохироодог. Цалин нэмэгдсэн жил бүр инфляцийн түвшин хоёр оронтой тоо руу орж байсан. Харин өнөөдөр инфляци 4.9 хувьд ирж тогтвортой байгаа.

-Бондын өр төсөвт хэр ачаалал үүсгэж байна вэ? Гишүүд өр зээлэндээ төсвийн 50 орчим хувийг ирэх оноос  төлөх нь гэж байсан.  

-Бондыг сөрөг хүчин цэвэр улс төрийн зорилготой ашиглаад байгаа юм. 2010 оноос эхлээд төсвийн алдагдлаа дотоодын бонд гаргаж нөхөж ирсэн. 2010 оноос “Оюутолгой”-гоос 250 сая ам.долларыг хүүтэйгээр зээлсэн. Хүүн дээр нь хүү тооцдог, Чингис бондоос өндөр хүүтэй зээл. Үүнийг хэн тавьсан бэ? Дараагаар нь 400 гаруй тэрбум төгрөгийн зээл аваад Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд тарааж өгсөн. Дараа нь дахиад 500 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнийг одоо төлөөд явж байна.  Ер нь “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”-ын зээл дуусгавар болж байгаа.  Зах зээлийн эдийн засагтай улс оронд энэ нь байдаг л зүйл.  Зарим гишүүд өнөөдөр  21 тэрбум төгрөгийн ам.долларын өртэй гээд байна. Үүний 7 тэрбум нь л Засгийн газрын өр, үлдэгдэл нь хувийн хэвшлийнх.  Энэ нь арилжааны зарчмаараа төлөгдөөд явна. Засгийн газрын 7 тэрбум ам.долларын өрийн 2.5 тэрбум доллар нь гадаад өр. Энэ бол боломжийн тоо. Дотоод өр нь харин замбараагаа алдсан.  Төсвийн алдагдлаа бонд гаргаж нөхсөөр байгаад ийм байдалд  хүрсэн. Асар их мөнгө орж ирж байсан 2010, 2011  оны үед ч алдагдалтай төсөв батлаад дотоодын бонд гаргаж байсан.  Одоо манай хамгийн том аюул бол гадаад өр биш. Дотоодын бонд, Засгийн газрын үнэт цаасаа 15 хувийн хүүтэй гаргаад төсвийн алдагдлаа нөхдөг нь эмгэнэл. Үүнийг л бид өөрчлөх ёстой.  Өөрчлөхөөр оруулж ирсэн. Яагаад гэвэл үндсэн төсөв алдагдалгүй. Монгол Улсын хувьд засаад явчих боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26090
0 эможи
keyboard_arrow_up