Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо
2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11.00 цагаас “334” тоот өрөөнд Эдийн засгийн байнгын хорооны 22 тоот тогтоолоор байгуулагдсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов.
Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан, Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, С.Ганбаатар, Д.Зоригт, нарын гишүүд оролцож, дараах найман зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дээр нэг бүрчлэн ярилцан, санал солилцож, БХ-ны хуралдаанд оруулахаар тогтов.
Үүнд: 1.Төслийн 57.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах:
“57.1.Хувьцаат компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй.
2.Төслийн 57.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах:
“57.2.Хувьцаат компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь энэ хуулийн 57.1-д заасан саналыг гаргаагүй бол уг саналыг гаргаж, зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд тухайн этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь энэ хуулийн 62.1.7, 62.1.9-өөс 62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна.”
3.Төслийн 57.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 58.2 дахь хэсэг болгох:
“58.2.Энэ хуулийн 58.1 дэх хэсэгт заасан мэдэгдлийг компани болон Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.”
4.Төслийн 57.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 57.8 дахь хэсэг болгох:
“57.8.Санхүүгийн зохицуулах хороо компанийн хувьцааны хяналтын багц эзэмшигч болохоо нотолсон мэдэгдлийг үндэслэн хяналтын багц эзэмшигчээс энэ хуулийн 57.1-д заасны дагуу санал гаргахыг шаардах үүрэгтэй.”
5.Төслөөс 57.5, 57.6, 57.7, 57.8, 57.9, 57.10 дахь хэсгүүдийг хасах.
6.Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 6 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 5 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг тус тус хасах:
7.Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын 1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулах:
“Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө гаргасан журам заавруудад зохих өөрчлөлт оруулж энэ хуультай нийцүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд даалгасугай.”
8.Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын 2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулах:
“Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан компанид төрийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг шинэчилж энэ хуультай нийцүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.”