Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.05.06/ хуралдаанаар эхлээд Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн асуудал энд яригдаж байгаа. Иргэдийн 25 хувь нь яагаад, юунаас болоод газраа чөлөөлөхгүй байна вэ гэдгийг ярих хэрэгтэй. Өнөөдөр нэг хашаанд гурван айл амьдарч байгаа тохиолдол бишгүй бий. Иймээс нийтийн эрх ашгийг бус өөрийн эрх ашгийг хамгаалж газраа чөлөөлж өгөхгүй байгаа асуудлыг бид ярих ёстой. Газрыг нь шууд албадан аваад төрийн хязгаарлалтуудыг хийгээд явбал тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөнө гэлээ.
Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа хариултдаа, хуулийн төсөл цоо шинэ биш. Нийслэлээс 2013 онд гаргасан журмаар тухайн байршилд байгаа нийт хүн амын 75 хувь нь зөршөөрсөн тохиолдолд уг газрыг дахин төлөвлөлтөд оруулна гэж журамласан. Төсөл 21 байршил дээр амжилттай хэрэгжээд явж байна. Хуулийн төслийг боловсруулах явцад Олон улсын байгуулага “ЖАЙКА”-тай хамтарч таван удаа олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтлэг эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэдийн 80 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд тухайн газрыг дахин төлөвлөлтөд оруулж болох юм гэсэн үндэслэлийг хуулийн төсөлд оруулсан . Хуулийн төслийн хязгаарлалтын 7 дугаар бүлэгт шууд хязгаарлалт өгч байгаа юм биш. 20 хоногийн дотор иргэдтэй тохиролцоонд хүрэх, мөн үнэлгээний зүйлүүдийг тодорхой тусгаж өгсөн. Үүнтэй уялдаад Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаагийн зэрэгцээ Газрын тухай таван багц хуулийн төсөлд зохицуулалтын талаар нарийн тусгаж байна.Үүнд МАН-ын бүлгээс тодорхой саналаа ирүүлээгүй байгаа. Иймээс хуулиудын харилцан уялдааг хооронд нь харьцуулж үзэж санал дүгнэлтээ өгвөл сайн байна.
Өнөөгийн нөхцөл байдал хүнд. Нэг айлын хашаанд гурав дөрвөн айл буусан тохиолдол амьдрал дээр байдаг. Уг хашаа хэний нэр дээр байдаг вэ гэдгийг тодорхойлж албан ёсны өмчлөгчтэй ярилцаж байж асуудлыг шийднэ. Мөн гурван талт гэрээ хийхээр хуулийн төсөлд тусгасан. Газрын үнэ хөлсний асуудлыг ярихад ярвигтай. Улаанбаатар хотын газрыг байршлаас нь хамааруулан бүсчилж эрх бүхий байгууллагаас тодорхой тариф тогтоосон байдаг. Газрын үнийг харилцан тохиролцож шийднэ гэвэл үнэ хөөрөгдөлт маш их байгаа тул зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа гэв. Ингээд асуулт хариулт дууссаны дараа хуулийн төслийн 26 дугаар зүйлийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжлээ.
Үүний дараа Авлигатай тэмцэх газраас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн судалгааны дүнг хэлэлцлээ. Танилцуулгыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан танилцуулав. Судлгааг хийхдээ Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн тухай хуулийн үйлчлэлд хамаардаг этгээдийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системийн мэдээлэлд үндэслэж, Төрийн өмчийн хорооноос холбогдох баримт материалуудыг гаргуулан авсны үндсэн дээр хийсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, АТГ Улсын Их Хурлын харьяа байгууллага. Хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэн судалгаа гаргасан байна. Дунджаар Төрийн нарийн бичгийн дарга нар, захиргааны удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүс ойролцоогоор 2-3 компанид, хамгийн дээд талдаа 5 компанийн ТУЗ-д гишүүнээр ажилладаг юм байна гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Авлигатай тэмцэх, утаатай тэмцэх ажил бол ганц байгууллагын хийдэг ажил биш. Авлигатай тэмцэх чиг үүргийг ганцхан АТГ биш бүх төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн байгууллагууд, салбарын яамдууд хүлээж байгаа. АТГ-ын санал санаачилга, хүсэлтийг хангаж ажиллахгүй байгаа байгууллагууд байвал мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр Байнгын хорооноос Засгийн газарт болон холбогдох байгууллагуудад нь чиглэл өгч болно. Судалгаар шийдэх асуудлуудыг тодорхой оновчтой харсан байна. Иймд Засгийн газарт тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, энэхүү судалгаа, мэдээллийг ирүүлэх нь АТГ-ын хүлээсэн нэг гол үүрэг. Хараат бус гэдгээр төрийн албан хаагч биш хүмүүс аваад, тэр хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ороод ирчихсэн байна. Түүнийг нь Төрийн өмчийн хороо томилж байгаа нь буруу. Иймд нэн даруй ашиг сонирхлын хуулийг зөрчөөгүй томилгоо хийх үүргийг Засгийн газарт өгөх хэрэгтэй. Тийм сонирхолтой хүмүүсийг төрийн өмчийн зүгээс ч хувийн зүгээс ч оруулж болохгүй. Мөн намын гишүүн төрийн албан хаагч байдаг бол тэр хүн нам, төр хоёрынхоо аль нэгийг сонгох хэрэгтэй. Энэ асуудлыг 2004 оны хуулиар хориглосон. ТУЗ-д төрийн төлөөлөл болж намын гишүүн байх боломжгүй. Төрийн төлөөлөлдөө тийм хориг тавьж байгаа бол хараат бусдаа мөн адилхан хоригоо тавих хэрэгтэй. Энэ асуудал дээр хууль өөрчлөх шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороо хууль санаачилья. Хууль зөрчсөн зүйлээ өөрчлөх бичгийг нэн даруй явуулах нь зүйтэй гэсэн санал хэллээ. Хуралдаанаар судалгааны дүнг хэлэлцээд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөөр болов.
Түүнчлэн хуралдаанд Тээвэр хөгжлийн банкны болон Инфрастракчер ХХК-ний ирүүлсэн албан тоотыг танилцуулав. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Их Хуралд хандаж өргөдөл ирүүлсэн гэдэг үндэслэлээр Өргөдлийн байнгын хороонд уг асуудлыг шилжүүлэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзэв.
Мөн хуралдаанаар Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах саналыг дэмжлээ.