Хууль зүйн байнгын хороо хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.20/ хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах арга хэмжээний хүрээнд төрд төвлөрүүлсэн 15.6 тэрбум төгрөгийг Хууль зүйн сайдын багцад тусган, тэдгээр хүмүүсийн хохирлыг барагдуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, дээрх мөнгөөр хохирлын хэдэн хувийг барагдуулах боломжтой вэ гэж тодруулсан. Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлийн хариулснаар, энэ мөнгөөр хохирлыг барагдуулснаар хохирол барагдуулалт 90 хувьд дөхөж очих аж. Хохирогчдын дунд 1-2 сая төгрөгийн авлагатай, өндөр настан олон байгаа бөгөөд тэдний дунд өвчтэй хүмүүс ч байгааг дэд сайд дуулгасан.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, терроризмтой тэмцэх багаж хэоэгслийг худалдан авахад зарцуулах мөнгө тусгагдсан эсэх, ирэх жил болох дээд хэмжээний уулзалтаас өмнө шаардлагатай хэрэгслийг авч чадах үгүйг лавласан. Ажлын хэсгээс, терроризмтой тэмцэх багаж, хэрэгслийг худалдан авах гэрээ хийгдэн 30 хувийн урьдчилгааг төлсөн хэмээсэн. Техник хэрэгсэл 6 тасарч ирсэн бөгөөд одоо үлдэгдэл 800 гаруй сая төгрөгийг төлөхөөр байгаа аж. Төсвийн тодотголд тусгасан мөнгө дээрх төлбөрийг барагдуулахад 80 саяар дутаж байгаа гэж Ажлын хэсгээс тодруулсан юм.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр орон нутагт төсвийн санхүүжилт хэвийн хийгдэж байгаа эсэхийг тодруулаад цахилгаанаа таслуулсан сумын Тамгын газар байсан хэмээсэн. Ажлын хэсгээс хариулснаар, эрүүл мэнд, боловсрол, хүчний байгууллагын түлш шатахуун, цахилгаан, дулаан, цалингийн зардлыг саадгүй олгож байгаа бөгөөд тавилга, эд хогшил худалдан авах, томилолтын зардалд тодорхой хэмжээгээр хяналт тавьж байгаа юм байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг ашиглалтад оруулах асуудал ямар шатанд явааг асуусан. Эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэх ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн Эрүүл мэндийн яаманд шилжүүлсэн гэж Ажлын хэсгийн гишүүд хариулсан юм. УИХ-ын гишүүн Д.Ганбат төрийн албан хаагчдын цалинг 30 хувь бууруулбал одоо авч буй цалин нь хэд орчим болохыг тодруулж асуусан. Ажлын хэсгээс, нийт төрийн албан хаагчид бус төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал яригдаж байгаа гэж хариулсан юм.
УИХ-ын гишүүн З.Энхболд, Төсвийн тодотголыг бид ярьж байна. Энэ хүрээнд жирийн эргүүлийн цагдаа, хянагчийн цалинг хасах асуудал яригдаагүй. 2900 даргын цалинг бууруулах тухай л ярьж байгаа. Энэ талаар хүмүүст зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэж хэлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэж Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Гэтэл цалинг бууруулах асуудлаар Байнгын хороогоор ярьж санал хураалт явуулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэлээ. Тиймээс энэ асуудлаар Засгийн газраас тодруулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.
Түүний энэ саналыг Байнгын хорооны гишүүд хүлээн авч Засгийн газраас тодруулга авах хүртэл асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.