Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр /2015.10.14/ Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сард, Япон Улсын Парламент 5 дугаар сард тус тус соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь хоёр тал харилцан ноот бичиг солилцсоноор хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.
Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт импортлох болон экспортлох бараа бүтээгдэхүүнд нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тариф хэрэглэх, эдийн засаг, худалдааны бодлого хэрэгжүүлэхэд импортын барааны гарал үүслийн улсыг тодорхойлох асуудал чухал байр суурийг эзэлдэг. Гаалийн тухай хуульд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар орсон нэмэлт, өөрчлөлтөөр гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтаас “гарал үүслийн гэрчилгээ”-г хассанаар одоогийн байдлаар мэдүүлэгчийн мэдүүлсэн гарал үүслийн улсыг хүлээн зөвшөөрөх төдийд буюу хангалтгүй байдлаар хэрэгжиж байна.
Гарал үүслийн дүрэмтэй холбоотой хүндрэлтэй асуудал гараагүй байгаа боловч, Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхэд “хөнгөлөлттэй тариф”-ын хувь, хэмжээг мөрдөхтэй холбоотойгоор гарал үүслийн дүрэмтэй холбоотой олон асуудлууд гарч ирэх тул Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “гарал үүслийн гэрчилгээг” шаардах хэрэгтэй байгаа талаар Улсын Их Хурлын дэд даргад танилцууллаа.
Хуулийн төсөл батлагдсанаар нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй, харин импортын барааны гарал үүслийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжийг олгоно. Импортоор орж ирж байгаа барааны гарал үүслийг нотлон холбогдох баримт бичгийг бүрдүүлснээр хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.