Намрын чуулганы эхэнд Өршөөлийн хуулийг өөрчилнө
Засгийн газрын зарим сайдыг томилж, Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцсэн ээлжит бус чуулганыг хаалаа. Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, тогтоол гарган шийдвэрлэсэн гэж чуулганыг хааж үг хэлсэн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж мэдэгдсэн ч энэ тухай намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Өршөөлийн тухай хуулийн 4.1 болон долдугаар зүйл уг хуулиас хасагдан бусад зүйл заалт нь хүчин төгөлдөр бий, өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс гүйцэтгэх болно гэж УИХ-ын дэд дарга хэлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргасан юм. Хэлэлцэх асуудлын эхэнд Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оржээ. Харин улс төрийн намуудын хэдэн жил ярьж буй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байна.
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал:
1/ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
2/ Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3/ Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4/ Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
5/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
7/ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
8/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
9/ Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10/ Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
11/ Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
15/ Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
16/ Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
17/ Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
18/ Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
19/ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
20/ Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
21/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
22/ Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
23/ Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
24/ “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
25/ Органик хүнсний тухай хуулийн төсөл;
26/ Хог хаягдлын тухай хуулийн төсөл;
27/ Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин