Ц.Оюунгэрэл: Бүгд зүсээ хувиргаж санал өгөх нь. Би өөрчилмөөргүй байна

2015 оны 9 сарын 16

     Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авлаа. Парламентын түүхэнд зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хууль баталж байсан, энэ удаагийнх долоо дахь нь бөгөөд байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд зориулсан гэдгээрээ онцлог. Мөн өмнөх хуулиудад хориг тавьж байгаагүй учир энэ удаагийн хоригийг хэрхэн хэрэгжүүлэх, холбогдох хуулиудыг хэрхэн өөрчлөх нь олон нийтэд ойлгомжтой бус байна. Өмнөх Өршөөлийн хуулиудыг батлангуутаа хэрэгжүүлж, өршөөлд хамрагдсан хоригдлуудыг тэр өдөрт нь сулладаг, шоронд нэг ч хонуулдаггүй байсан, гэтэл одоогийн хуулийг баталчихаад байхад нэг сар өнгөрч буйг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж онцолж байв.

Чуулганы хуралдаанд 59 гишүүн оролцсоноос 49 нь хоригийг хүлээн авахыг дэмжсэн. Харин 10 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд хориг тавигдсан зүйл, заалт хүчингүй болж хуулиас хасагдах тул хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн юм. Эсрэг байр суурьтай гишүүд санал хураалтын өмнө цөөнх болж саналаа хэллээ.

Р.Гончигдорж:

-Өршөөлд хамруулахгүй байхыг аль зүйлээр зохицуулсан бэ гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөс тодорхой асуусан. Хариулсангүй. Үүнийг тав болон есдүгээр зүйлээр зохицуулсан. Ерөнхийлөгчийн хүсэл, зарим хүний чиглэл өгөөд буй гэх зүйлүүд нь яг тав, ес дээр л хамааралтай. Хэрэв хүсэл зорилгоо хангая гэвэл тав болон ес дээр хориг тавих байсан. Тиймээс Ерөнхийлөгч буруу зүйл дээрээ хориг тавьсан. Хориг онож тавигдаагүй. Авлигачдыг дэмждэг, дэмждэггүй гэж хуваагдаж яримааргүй байна. Хуулийг хэлэлцэх үеэр энэ тухай зөндөө ярьсан. Авлигачдыг дэмждэг нь дэмжээд, эсэргүүцдэг нь эсрэг санал өгсөн гэж бодохгүй байна. Төрийн байгууллага, тухайлбал АТГ хэрэг гаргуулчихаад яллах  биш хэрэг гаргуулахгүйн төлөө ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл авлига гаргахгүйн төлөө түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлаа хийх ёстой. Түүнээс хэрэг гаргуулчихаад, түүн дээр нь ажилладаг байгууллага биш. Өршөөлийн хуулийг нэгэнт баталсан. АТГ-т харвъяалах хэрэг энд ороогүй. Хууль батлах үеэр хуралд хэн ирсэн, ирээгүй тухай ярьцгааж байна. Ардын намынхан ирээд санал дээрээ эсрэг кноп дарахгүй яасан юм бэ. Би энэ хоригийг дэмжихгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн хүсэл зорилго тодорхой байсан. Гэвч хүсэл зорилгоо хангах хуулийнхаа хоригийг тавьж чадаагүй. Өмнө нь нийт зургаан удаа Өршөөлийн хууль батлагдсанаас гурав нь миний гарын үсэгтэй. Өршөөлийн хууль гарангуут хэрэгжих хугацааг нь хоригдлууд шоронгоос гарах боломжийг бүрдүүлсэн өдөр тавьж байсан юм. Өршөөгдсөн хүн нэг ч хоног шоронд байх ёсгүй гэсэн зарчмыг барьж байсан юм шүү. Гэтэл өнөөдөр сар гаруй боллоо. Энэ зөрчигдсөн эрхийг яаж хангах гэж байгаа юм бэ. Үүнийг бод, нэг нэгийгээ хар, цагаан тагтаа болгож яллахаа боль.

Ц.Оюунгэрэл:

-Бид Ерөнхийлөгчийн хэсэгчилж хориг тавьсан хэсгийг ярих ёстой. Хориг тавиагүй хэсэг нь нэг удаагийн хууль учраас нэгэнт өнгөрсөн. Гэтэл Ерөнхийлөгчийн албан бичигт дурдсан хүслийг нь хангая гэвэл бид хоригт дурдаагүй есдүгээр зүйлийг авч хэлэлцэх хэрэгтэй болно. Хориг тавиагүй заалтыг дахин өөрчлөхөөр бол бид эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг болно. Таалагдаагүй зүйл заалт байвал дараагийн хуульдаа оруулаад явъя. Хоригийг хүлээж авснаар Ерөнхийлөгчийн хүсэл биелэхгүй учраас дэмжих шаардлагагүй. Бид кноп дарвал эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг рүү явна. Цаашлаад Үндсэн хуулийн цэцийн асуудал болно. Шахалт дарамтад өртөөд кноп дарвал таалагдаагүй дараагийн асуудалд өртөх болно. Энэ хуулийг батлахад нууцаар санал хурааж, бид олонхиороо дэмжсэн. Олон хүн дэмжсэн шүү. Нууц санал хураалт байсан болохоор олон хүний санал нуугдаад үлдсэн. Харин энэ удаад бүгд зүсээ хувиргаж санал өгөх нь. Би зүсээ өөрчилмөөргүй байна. 30 жилийн дараа дэлгэгдэх нууц санал хураалтын дүн өнөөдрийн саналтай адилхан байх ёстой. Би нууц санал хураалтаар хүнд таалагдахгүй шийдвэр гаргасан бол өнөөдөр ч түүнийгээ гаргалцана. Би хүмүүст таалагдахын тулд хоригийг хүлээж авна гэхгүй. Тэгэхээр нууц санал хураалтад яаж оролцсон, түүн шигээ байхыг уриалж байна. Олонхиороо дэмжсэн хуулийн хоригийг хүлээж авах нь зохимжгүй. АТГ хөнгөн авлигын хэргийг сүржин гаргаж ирдэг. Харин далд авлига огт яригдахгүй байна. Далд авлигаас ангижруулахын тулд бид энэ хуулийг баталсан. АТГ-ыг хэн ч шалгадаггүйг үндэслээд өөрсөд дотор нь байгаа авлигыг цэвэрлэхийн тулд энэ хуулийг баталсан.

З.Баянсэлэнгэ:

-Нийгэмд буй бодитой зүйлээ ярьцгаая. Авлигын сүлжээг атгасан хүмүүсээс улстөрчдөө чөлөөлөх ёстой. Хууль тогтоох байгууллагын дээр гараад суучихсан, эрх мэдлээ хэтрүүлсэн байгууллагыг байранд нь аваачих ёстой. Энд Ерөнхийлөгчийн асуудал байна. Өөрөө улс оронд маш их хэмжээний хохирол учруулсан хүнийг дур мэдээд гаргаад явуулчихдаг, тэр нь зөв байдаг. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хууль батлахаар хориг тавьдаг. Энэ бол УИХ-ын хууль тогтоох эрх мэдэл рүү халдаж буй хэрэг гэж үзэж байна. Хориг тавих байсан юм бол яагаад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд тавиагүй юм бэ. Хэлбэр дээрээ хэсэгчилсэн хориг боловч үндсэндээ гол цөмийг нь авчихаад байна. АТГ өөрсдөө яагаад улстөржүүлээд байна вэ. 114 хүнд холбогдох 350 тэрбум төгрөг өршөөлд хамрагдах нь байна шүү гээд тэр хүмүүс нь ял авна гэж яаж мэдэж мэдэгдэл хийсэн юм бэ. Энэ мэдэгдэл Ерөнхийлөгчийн яриад байгаа ажил , албан тушаалын авлигын хэрэг үүнд байхгүй байна. Нууц материалд нь холбогдогч, хохирогч байхгүй гэж дурджээ. УИХ-ыг ингэж доромжилж болохгүй. Энэ мэтчилэн нууц материалд жагсаасан судалгаа чинь зөрүүтэй байна гэв.

УИХ хоригийг хүлээн авсан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалтыг өөрчлөх шаардлагатай болсон. Ингээд ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ тухай хэлэлцэхээр болсон юм. Дугаар шилжих мөчид Хууль зүйн байнгын хороо хуралдаж байв.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25195
0 эможи
keyboard_arrow_up