Х.Баттулгыг огцруулах уу?
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайдын албан тушаалаасаа татгалзах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан. Тэрээр сайдаасаа татгалзах хүсэлтдээ, Засгийн газрын гишүүний ажлаа өгч,
УИХ-ын гишүүний үүргээ үргэлжүүлэхээр болсноо дурьдсан бөгөөд цаашид үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт эхлүүлсэн ажлаа үргэлжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Х.Баттулга гишүүний хувьд өөрөө энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа.
Харин хуулийн дагуу өргөдлийг энэ долоо хоногт хэлэлцэх байсан ч хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байгаа ч Х.Баттулгыг сайдаас нь чөлөөлөх эсэх дээр намын бүлгүүдийн ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
"Шударга ёс" эвсэл:
Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт дээрх асуудал багтаагүй байгаа. Гэхдээ асуудал Байнгын хороогоор хэлэлцэгдэж эхлэхэд ямар шалтгаанаар ажлаа өгөх болов. Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарыг хариуцах хугацаандаа ямар ажил хийв гээд асууж тодруулах зүйл олон бий. Түүний дараагаар шаардлагатай гэж үзвэл бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлан, асуудлыг хэлэлцэнэ.
МАН-ын бүлэг:
Нэгэнт ажил хийхгүй гэж хэлээд байхад нь хүчээр сайдын ажлаа хий гэж УИХ шийдвэр гаргахгүй байх аа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг хүчээр авч үлдсэн шиг нэг сайдаа авч үлдэхгүй байх гэж бодож байна. Тиймээс энэ удаад хүсэлтийг нь хүлээж авах байх гэж бодож байна.
Бие даагч гишүүд:
Үйлдвэр, хөдөө аж ахуйн саяд Х.Баттулга, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулах асуудлаар бие даагчид ойрын хугацаанд хуралдаж, байр сууриа нэгтгэнэ.