Үндсэн хуулийн цэц С.Баярцогтыг хамгаалаад байна уу.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах хуулийн төслийг есдүгээр сарын 7-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Харин өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д тавьж, хэлэлцүүлж байгаа нь Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Иймд УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдааны дээрх шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ сэтгүүлчдэд мэдээллээ.
О.Баасанхүү “Үндсэн хуулийн цэц маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 7, 6-г зөрчсөн бол томилсон байгууллага нь шууд огцруулах үндэслэл болно гэж заасан байгаа. Тэрийг юу гэж ойлгох вэ гэхээр 42.7 нь төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэсэн заалт. Нэг үгээр хэлбэл, УИХ нь УИХ-ын гишүүний санаачлагаар Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэлийг Төсвийн тухай хуулиар тодорхой заагаад өгсөн. Зөвхөн УИХ-ын 7.1.12-д шийдэж өгсөн юм биш. Хэрвээ УИХ, Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг хүлээн авах юм бол Төсвийн тухай хууль хэрэгжихгүй.
Төсвийн ерөнхийлөн захирагчид УИХ хяналт тавих боломжгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сайд нь дураараа авирлахад Ерөнхий сайд нь тухайн сайдыг өргөн барих асуудлыг ярина. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэгт зөвхөн Ерөнхий сайд биш сайдууд, агентлагын удирдлагууд, мөн газар хэлтсийн даргууд ч багтдаг. Засгийн газрын бүтэцдээ ордог гэсэн үг.
Үндсэн хуулийн цэцийн гишүүд ийм ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахдаа УИХ-ын бүрэн эрхэд халдаад зогссонгүй, Төсвийн тухай хууль, төсөвт хяналт тавих УИХ-ын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасанд харамсч байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн сайдыг огцруулах асуудал гаргуулаад явж ирсэн.
Тэр хугацаанд Үндсэн хуулийн цэц нэг ч удаа дүгнэлт гаргаагүй. Энэ удаа маш хурдан гаргалаа. Хэзээ ч цэцийнх нь хурал нь болсон юм, хэзээ ч өргөдөл нь ирсэн юм, хэзээ ч УИХ-аас тайлбар нь очсон юм, мэдэхгүй. УИХ Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэрийг хүлээж авах юм бол УИХ-ын эрх, УИХ-ын гишүүний эрхэд халдаад зогсохгүй, Төсвийн тухай хуульд хяналт тавих эрхийг зөрчих учраас яаран хэлэлцэхгүй болов уу, бас хүлээж авахгүй болов уу гэж найдаж байна.
Мөн хуулиараа ирэх долоо хоногт УИХ сайд С.Баярцогтыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх ёстой. Эхлээд бүлгүүд хуралдаж, асуудлыг хэлэлцэнэ гэж хүлээж байна. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ. Хуулиараа огцруулах асуудлыг 14 хоногийн дотор шийдэх ёстой. Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр нь миний тавьсан огцруулах үндэслэл зөв юм байна гэдгийг улам баталлаа.
Нөгөө талдаа Үндсэн хуулийн цэц улс төржиж энэ асуудал руу давхиж орж ирж байгаа нь орд газрыг олигархууд авахын тул Цэц нь хүртэл оролцлоо гэдэг хардлагыг ч төрүүлж байна” гэж мэдэгдлээ.