УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-уудын хамтарсан багийн гишүүдтэй уулзалт хийлээ
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, С.Одонтуяа нар өнөөдөр /2015.09.10/ халдварт бус өвчний чиглэлээр Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа НҮБ-уудын хамтарсан багийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.
НҮБ-уудын хамтарсан багийнхан Монгол Улсад энэ сарын 7-11-ны өдрүүдэд айлчлал хийж байгаа бөгөөд тэдний айлчлалын гол зорилго нь Монгол дахь НҮБ-ын удирдлагын баг болон НҮБХТХ-ний үр дүнгийн хэсгийг боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм. Монгол дахь хувь хүний хөгжлийн чиглэлээр хийж буй хүчин чармайлтууд халдварт бус өвчлөлтэй хэр хамааралтай байгааг ойлгох, түүний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх , халдварт бус өвчнүүд, тэдгээрийн тодорхойлогч хүчин зүйлсийг Монгол Улсын Засгийн газартай хийх хоёр талт хамтын ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах ба тэдгээр төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийн явцыг хамтдаа үнэлэх юм байна.
Өнөөдрийн уулзалтаар УИХ-дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл УИХ-аар хэлэлцэн баталсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө. Мөн УИХ-д өргөн баригдсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Түүнчлэн Монгол Улсад хүүхэд гэмтэж бэртэх, түлэгдэх зэрэг эрсдэлд орох явдал маш их байгааг УИХ-ын гишүүн Г.Уянга хэлээд, энэ чиглэлээр НҮБ-тай илүү бодитой ажил хийх байдлаар хамтарч ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үеэр УИХ-дахь эмэгтэй гишүүд нийгэм рүү чиглэсэн, хүний эрүүл мэндийн талаарх хууль, тогтоомжуудыг батлах чиглэлд илүү анхаарч ажиллаж байгаа талаар хэлж байсан.
Уулзалтад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны ажилтнууд, Эрүүл мэндийн яамны төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцлоо