Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Жамаараа “төрдөггүй” төрөх эмнэлгийг “хийсвэр” хийж төрүүлэх шаардлагатай
Зургаан жилийн өмнө барилгын ажил нь эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг зургаан жилийн турш дуншиж байна. Анх 2009 онд барилгыг барих тендерт “Нийслэл өргөө” компани шалгарч төсвөөс даруй 19 тэрбум төгрөг гаргуулсан. Гэсэн ч эзгүй хээр талд барилгын таван краказ бариад л “мөнгө дуусчихлаа” гээд дахин 40 гаруй тэрбум төгрөг нэхэх нь тэр ээ. Нэхсэн болгоны тоогоор, баруун солгойгүй мөнгө өгөөд байх чадал манай улсын төсөвт байхгүй тул барилгыг царцааж барилгын ажил өдийг хүртэл гацахаас өөр аргагүйд хүрчээ. Дашрамд, яг энэ жишээгээр царцаагдсан барилгуудын 67 хувь нь сургууль, эмнэлэгийнх юм байна.
Анхандаа барилгыг ашиглалтад оруулахад 19 тэрбум төгрөг байхад хангалттай гэж тендерт ялж барилгын ажлыг эхлүүлсэн “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг дээрх мөнгөнөөс хувьдаа завшиж, өр ширэндээ өгсөн болохыг шүүхээс тогтоож, түүнийг зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн. Одоогоор улсад учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа гэдгийг албаныхан хэлж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Жамаараа “төрдөггүй” төрөх эмнэлгийг “хийсвэр” хийж төрүүлэх шаардлагатай. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг улсаас хөрөнгө гаргахгүйгээр засварлах, эмнэлгийн зориулалтаар нь ашиглах тухай концессын гэрээ байгуулж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн менежментийн багт өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр амжилттай хэрэгжиж буй тул улсын төсөв хүндрэлтэй ийм үед Яармаг дахь төрөх эмнэлгийн барилгыг энэ жишгээр ашиглалтад оруулах нь зүйтэй” гэх даалгаврыг салбарын сайдад өнгөрсөн дөрөвдүгээр сард үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, тус эмнэлгийг барих мөнгө улсад байхгүй тул концессийн гэрээгээр хувийн компаниар бариулж барилгын нэг хэсэгт улсын эмнэлэг, харин нөгөө хэсэгт хувийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулж зардлаа нөхөж, ашгаа олж авах саналыг компаниудад тавина гэсэн үг.
Эрүүл мэнд, спортын яамны хэлтсийн дарга Т.Баярсайхан “Бид эмнэлгийг концессийн гэрээгээр барих компанийн тендерийг зарлах гэж байна” гэж таван сарын өмнө мэдэгдсэн.
Гэсэн ч өнөөдрийг хүртэл төрөх эмнэлгийг барих компани тодроогүй, олдоогүй байгаа бололтой. Учрыг Эрүүл мэнд, спортын яамны ажилтнаас тодруулахад “Энэ ажлыг мэддэг Т.Баярсайхан дарга гадаад улсад томилолтоор ажиллаж байгаа. Гэхдээ тендер зарласан, компани нь шалгараагүй” гэх хариултыг өгч байх юм.
Монголчууд 2,7 саяулаа байхад эхэлсэн эмнэлгийн барилга ашиглалтад орохгүй “дуншсаар” байх хугацаанд бид гурван саяулаа болж, эмнэлэгт мэндлэх байсан үрс өнөөдөр сургуулийн сурагч болжээ. Тендерт ялахын тулд ямар ч тооцоогүйгээр хамгийн бага үнийг хэлж ялчихаад харин дараа нь хэд дахин их мөнгө нэхээд барилга ч биш балгас ч биш болгодгийн жишээ энэ. Яг энэ мэт жишээ Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх Японы Засгийн газрын тусламжаар баригдах шинэ эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкнаас хэрэгжих жишиг эмнэлэг, Баянзүрх дүүрэгт гуравдугаар төрөх эмнэлэг гээд л үргэлжилнэ.
Ямартай ч 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг барьж дуусган, инженерийн шугам сүлжээ татах, тоног төхөөрөмж авахад нийт 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Хүн амаа өсгөж, төрөлтийг дэмжиж байгаагаа цаг тутамд зарладаг төрийн түшээд, салбарын сайд нь энэ асуудалд анхаарлаа хандуулж “төрж” өгдөггүй эмнэлгийг төрүүлж өгвөл мөн ч олон ээж, аав баярлах болов уу.