Одоо л эх орончоо харуулах цаг

2015 оны 9 сарын 08

     Авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх амлалт өгч, УИХ-д сонгогдсон түшээдэд хандаж хэлэхэд өнөөдөр л жинхэнэ орончоо харуулах өдөр. Авлигачидтай хийх тэмцэл УИХ-ын төвшинд мохоогүй гэдгийг үйлдлээрээ нотлох ёстой.

Монголын нийгэм бухимдалтай байна. Нялх балчир үрс нь гэртээ цоожлогдон хоцорч, авсан цалин нь амьдралд хүрэлцэхгүй ядаж байхад төсвөөс хумсалсан хулгайч, авлигач нарын толгойг илээд өнгөрвөл дэндүү шударга бус үйлдэл болно. Тиймдээ ч ээлжит бус чуулган нээлтээ хийсэн цаг мөчийг ашиглаж, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа эсэргүүцлээ илэрхийллээ. “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж ав. Хуульчилсан тонуул дээрэм хийхээ болиоч, ямар ичдэггүй юм бэ” гэсэн үгтэй лоозон барьсан түүнийг улстөржлөө гэж буруутгах нэгэн ч байна. Гэхдээ шударга үнэний туйл царайлан авлигачидтай дайн зарлахаа мэдэгдэж, цээжээ дэлддэг улстөрчдөөс өнгөрсөн хугацаанд хэд нь ингэж тэмцсэн бэ? Нэг нь ч хөдлөөгүй.

Эх оронч байна гэдэг зөв зүйлийн төлөө дуугарч, зөв үйдэл хийхийг хэлдэг болохоос эрх мэдэлтнүүдэд үйлчилсэн хууль тогтоож тоглохыг хэлдэггүй. Харамсалтай нь ингэж эндүүрэгсэд цөөнгүй юм. Тэгээд бүр санасандаа хүрэхийн тулд Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг хохироож байна гэж мэдэгдэл хийж шоудаж байна.

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тодруулбал:

1.Хээл хахууль авах ЭХТА-ийн 268 дугаар зүйл

2.Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах ЭХТА-ийн 263 дугаар зүйл

3.Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх ЭХТА-ийн 264 дүгээр зүйл

4.Хууль бусаар хөрөнгөжих ЭХТА-ийн 270 дугаар зүйл

5.Төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах ЭХТА-ийн 273 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах ЭХТА-ийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг

6.Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах ЭХТА-ийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг.

7.Бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх ЭХТА-ийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт тус тус хориг тавьжээ.

Ийн зүйл заалт бүрийг нэгбүрчлэн тодотгосноор жирийн иргэний суллагдах эрхэнд халдаагүй. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдаж, хоригоос бусад асуудлыг эрчимжүүлэх даалгаврыг холбогдох газруудад өгсөн. Тодруулж хэлбэл, 1700 гаруй иргэн ялаас чөлөөлөгдөх боломж нээлттэй байгаа гэсэн үг.

Харин өнөөдөр 14.00 цагт зарлагдсан ээлжит бус чуулганаар хоригийг хүлээж авах эсэх асуудлыг эцэслэх учиртай. Гол нь эвслийн бүлэг завсарлага авч гацаахгүй бол.

УИХ дахь хоёр том хүчин болох Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлэг хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн бол "Шударга ёс" эвслийг бүрдүүлэгч МАХН-ын хувьд эсрэг байр суурь барьж буй. Энэ талаар бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Хоригийг хүлээж авах эсэх асуудлаар эцсийн шийдвэр гаргаагүй. Ерөнхийлөгчийн хориг Өршөөлийн хуульд бүрэн тавигдсан тул олон асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлага байгаа” гэсэн тайлбар хийсэн нь завсарлага авах шалтгаан ч болж магадгүй. Гэхдээ завсарлага хугацаатай, дээд хугацаа ажлын тав хоногоор хязгаарлагдана. Тиймээс МАХН өнөөдөр дээрх хуулиар байнгын хороо, чуулганы хуралдааны аль нэгнээс завсарлага авлаа ч ирэх долоо хоногт цуцлагдана гэсэн үг. Гол нь хоригийг УИХ-аар хэлэлцсэн нөхцөлд гишүүд хэлсэн үгэндээ эзэн болж авлигачдад ард түмэн ялагдах ёсгүй гэдгийг үйлдлээрээ харуулах ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24945
0 эможи
keyboard_arrow_up