Огцрох өргөдлөө өгчих, Ерөнхий сайд аа
Энэ нь ч нэрэнд цэвэр. Басхүү бусдын хүсэлтээр сайд нарын нэрийг өргөн бариагүй болохоор гаранд ч цэвэр байх. АН-ын даргатайгаа ойлголцож, гар нийлж, хамтарч ажиллаж чадахгүйгээс хойш төр, засгийн эрх мэдлийг булаацалдан гацааж, цаас шидэлцээд хичнээн хугацааг үдэх билээ.
Шийдлийн Засгийн газар улс төрийн дуусашгүй амбициудын дунд тушигдан хүлэгдээд Ерөнхий сайд нь хэлсэндээ хүрч, хэрэгжүүлж чадсангүй, төлөвлөсөн ажлууд аа. Тайван амгалан ажиллах нөхцөлийг ч түүнд өгсөнгүй. Өнгөрсөн 9 сарын хугацаанд эдийн засгийн хямралаас засаглалын хямрал руу ухарлаа.
Өнөөдөр эрх баригчид улс орны нийгэм, эдийн засгийг хэрхэн тогтворжуулах, хямралаас яаж гарах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх бус албан тушаал, сандал ширээ булаалцалдан улайрцгааж байна. АН-ынхны фракц бүлэглэлээрээ талцсан зөрчил тогооноосоо хальж, бусдын өгөөш болж байгаа нь нууц биш.
Уг нь өнөөдөр АН-ын дахь фракц, бүлэглэлийнхэн хэн нь хүчтэй, хэнийх нь олуулаа, хэнтэй нь сүлбэлдвэл албан тушаал горилох вэ гэж тэмцэлдэх цаг биш. Гэхдээ амбиц, эрх ашигт цаг хугацаа хамаарах биш.
Гадны нөлөөтэй гэхээсээ намынхан нь дотроосоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийгээ үүрэгдэж, тушаан, хувийн захиас илгээгээд Засгийн ажлыг гацаалаа. Нам дахь үл ойлголцлоос улбаалаад өнөөдөр сайдын томилгоо ч сунжирлаа. Шахааны хүний нэрийг сайдаар өргөн барихгүйгээ Ерөнхий сайд намын бүлэгтээ, даргадаа мэдэгдсэн байдаг. Харин сайдад нэр дэвшүүлэх хүнээ өөрөө өргөн барь гэж Ерөнхий сайдад “эрх”-ийг нь олгосон гэх ч тус намд ногдож байгаа сайдын гуравхан квотод шахааны хүн хавчуулаастай л байгаа сурагтай. Тиймээс л өнөөдрийг хүртэл зарим салбар сайдгүй, орлон гүйцэтгэгчтэй явж байна.
Нэгэнтээ намын дарга, Ерөнхий сайд нарын үл ойлголцол угийн зөрчилдөөнтэй байдаг АН-ыг бүр ч хагаран бутаргалаа. Эрх баригч хүчин дотор намын даргыгаа ч, Ерөнхий сайдыг ч огцруулах өөрсдөө дэвших, албан тушаалд томилогдох чин хүсэлтэй эрхмүүд цөөнгүй байгаа. Тиймээс л санаатай, санамсаргүйгээр гадна, дотроос намын удирдлагуудыг үл ойлголцол дээр шар тос нэмсэн мессэжийг тарааж байна.
АН-ын зөрчилдөөнийг ашиглаж, өөр улс төрийн хүчний дарга ч хаа хол Сөүлээс эмчилгээгээ орхин, нэн даруй зөвлөгөө өгөхөөр нисэн ирсэн бол спикерийн эзгүйд “АН-ын дарга З.Энхболдыг огцруулахаар Ерөнхий сайд гарын үсэг цуглуулж эхэллээ” гэх жиргээчийн сул үгэнд генсек Л.Эрхэмбаяр нь шуурхай тайлбар хийж сандралдаад мөн ч завтай, зайтай байна.
Өнгөрсөн хугацаанд ер урагшлахгүй байсан Засгийн ажилд МАН хэмээх бул хар чулуу хөндөлжээ гээд зайлуулвал хурдална гээд байсан. Атал эдүгээ МАН-ын сайд нарыг чөлөөлөөд танхимаа ч бүрдүүлж чадахгүй ухарчихлаа.
Тиймээс АН-ын дарга эсвэл Ерөнхий сайд хоёрын хэн нэг нь ажлаа хүлээлгэн өгчихвөл гацаа арилж, ажил цааш үргэлжлэх гээд байна.
Өнгөрсөн хугацаанд намынхантайгаа, тэр дундаа намын даргатайгаа ойлголцож, хамтарч ажиллаж чадахгүй байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огцрох өргөдлөө өргөн барьсан нь хувь илүү хувилбар болоод байна. Засгийн газрын тэргүүн өөрөө огцрох өргөдлөө өгчихвөл хувь улстөрчийн дараагийн карьерт нь ч эерэг нөлөөтэйг тооцсон.
АН-д фракцгүй, тэр бүр дуугараад байдаггүй УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ч Ерөнхий сайдад итгэх итгэл нь алдарсанаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ.
Ер нь нэгэнтээ намын даргатайгаа ойлголцож, хамтарч чадахгүйгээс хойш огцрох өргөдлөө өргөн барьж, ажлаа хүлээлгээд өгчихвөл гацаа ч арилна биз. Энэ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газраас илүү ажиллачихна гэсэн үг биш, шинэ Засаг бүрдэж, сонгууль хүртэл сажилчих биз. Тэгээд ч АН-ын дарга З.Энхболд өөрөө биш юм гэхэд өөртэй нь гар нийлж, хамтарч ажилладаг, дуулгавартай эрхэмээ дараагийн Засгийн газрын тэргүүнээр томилохоо ч мэдэх байх. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэх мэт л биш байгаасай.
Ажлаа хүлээлгэн өгсөн МАН сайд нар хөдөө гарч, байгальд салхилж яваа дуулдсан. Ерөнхий сайд таныг ч ажлаа хүлээлгэж өгөөд агаар салхинд гарвал тэд ч тосон авах юм бил үү. Тэгээд ч та Засгийн газрын тэргүүнээр томилогдсоноосоо хойш гадаад томилолтуудыг эс тооцвол Төрийн ордноос бараг толгойгоогоо цухуйлгаагүй. Монгол Улсын 3 сая дахь иргэнд батламж гардуулах, Орхон аймагт Цементийн үйлдвэрийн нээлтэд оролцохоор хоёрхон л удаа орон нутагт буугаад мордсон байдаг. Хотын дуу чимээ, элдэв цахим мэдээллээс хол хөдөөгийн байгальд салхи юутай сайхныг хэн ч хэн нэгнээр хэлүүлэлтгүй мэдэх хойно.