УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүх хуралд гэрчээр оролцохыг хүсчээ
-ТЭРБЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ НЭЭЛТТЭЙ, ОЛОН НИЙТЭД ИЛ ТОДООР ЯВУУЛЖ ӨГӨХИЙГ ХҮСЧЭЭ-
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хариуцах явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэмээн АТГ-аас экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг баривчилж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хурал энэ сарын 3-нд болохоор товлогдсон ч улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон “Багануур” компанийн удирдлагууд болон шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьснаар ирэх есдүгээр сарын 2-нд болтол хойшлуулсан юм.
Албан бичигт шүүх хурлыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулж өгөхийг хүсэн бодит үнэнийг олон нийтэд хүргэх боломж олгож өгөхийг хүсчээ.
Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан тухайн үед “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн байсны хувьд, хувь хүний зүгээс энэ шүүх хуралд гэрчээр хандах хүсэлтэй байгаагаа аль наймдугаар сарын 4-ны өдөр албан бичгээр илэрхийлсэн байна.
Албан бичигт шүүх хурлыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулж өгөхийг хүсэн бодит үнэнийг олон нийтэд хүргэх боломж олгож өгөхийг хүсчээ.
Тэрбээр “Нүүрс” хөтөлбөр бол Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлын нэг. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын иргэд өмнө нь нүүрсэнд өгдөг мөнгийг 40-50 тэрбумаар хэмнэж, 800 мянгаас нэг сая хүртлэх цалинтай 800 хүнийг ажлын байраар хангасныг дурдаад “Нүүрс” хөтөлбөрт төрөөс нэг ч төгрөг зарцуулаагүйг онцолжээ. Мөн Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэхдээ Ерөнхий сайдын даалгасан ажлыг хийсэн болохоос, шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрхгүй, тиймээс албан тушаалаа урвуулан ашиглах боломжгүй байсныг гэрчээр оролцох хүсэлтдээ дурдсан байна.