Д.Тэрбишдагва: Дубайн гэрээг сайжруулахгүй бол засагт орж ажиллахгүй л гэсэн
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас цөөн асуултад хариулт авлаа.
-МАХН-ын гишүүд Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг харзнаад, сайдуудын нэрийг өргөн барих асуудлыг хойшлуулсан юм уу?
-Тийм асуудал байхгүй.
-Та Өршөөлийн хуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Монголын төр алдаж оносон иргэндээ нэг удаа уучлал, өршөөл үзүүлэхийг буруу биш л гэж бодож байгаа. Авлига, албан тушаалын хэргүүд замхарч, нийтдээ 150 орчим тэрбум төгрөгийн хохирлын асуудал орхигдох нь гэж асуудлыг дэвэргэх юм. Яг үнэндээ үүнээс ноцтой асуудал маш олон байна. Шинэчлэлийн Засгийн газрын үед 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, Оюутолгой төслийн санхүүд баримтын шалгалт оруулахад 3.2 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн. 150 тэрбум төгрөгийг хэд дахин нугалах, дэндүү ноцтой луйвар хийхэд Өршөөлийн хуулийг улайран эсэргүүцэгчид юу ч дуугаараагүй. Хэдэн зуун сая ам.долларын үнэ бүхий нууц хөрөнгүүд гадаадад илэрч, долларыг сая саяар нь гадны банкны дансанд байршуулаад мартаж, Тавантолгой төслийн ард олигархиудын хуйвалдаан хүчтэй өрнөж байхад ч тоогоогүй. Монголын ард түмний эрх ашгийг улан дороо гишгилж, гадныхныхантай сүлбэлдсэн улстөр, бизнесийн олигархиудын шунахай үйлдэл гаарч байгааг харин эсэргүүцэж, тэмцэж баймаар юм.
-Таныг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллахгүй гэсэн байр сууриа бүлгийнхээ хурал дээр илэрхийлсэн гэсэн?
-Намынхаа хурал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн л дээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд үзэглэсэн Оюутолгойн гэрээгээ сайжруулах талаар ажиллахаа амлахгүй, ямар нэгэн алхам хийхгүй бол засагт орж ажиллахгүй л гэсэн. Албан тушаалыг шагнал, урамшуулал, тохироо гэж боддоггүй. Миний хувьд албан тушаалыг авч ч, өгч ч үзсэн хүн. МАНАН-гийн Засгийн газар байгуулагдахад “Үндсэн хууль зөрчсөн Засгийн газарт хадаг бариад гуйсан ч сайд болохгүй” гэж ярилцлага өгч байсан нь сонины шарласан хуудаст үлдсэн байгаа.
-Таныг МАН-д буцаж очих гэж байгаа гэсэн яриа гарах боллоо?
-Санаатай тарааж байгаа пиар л юм байлгүй. Нэг удаа ярилцлага өгөхдөө МАХН, МАН яагаад хамтарч ажиллаж болохгүй гэж, цөөхөн монголчууд намаар талцах биш эвлэж, нэгдэж байж хүчирхэг болно гэж хэлсэн юм. Хагарал, тэмцэл хэзээ ч сайн зүйл дагуулдаггүй шүү дээ.