Сайд нарын нэрсийг намрын чуулганаар өргөн барихаар болжээ

2015 оны 8 сарын 24

    МАН-ын зургаан сайдын орны хүмүүсийг томилох үйл ажиллагаа ирэх намрын чуулган буюу 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэл гацаж мэдэхээр боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын нэрсийг намрын чуулганаар өргөн барихаар болсон байна. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр 12.30 цагт мэдээлэл хийх юм байна.

Зургаан сайдын суудлыг АН болон "Шударга ёс" эвслийн бүлэг 50:50 хувиар хувааж авахаар болсон. "Шударга ёс" эвслийн бүлгийхэн сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулаад байгаа. Тодруулбал, тус бүлэг  Шадар сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг тус, тус нэр дэвшүүлсэн.

Харин АН-ынхан одоо хүртэл сайдад нэр дэвшигчдээ тодруулж чадахгүй байгаа юм. Энэ удаагийн сайд нарын томилгооноос болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарын хооронд янз бүрийн асуудал үүсч байгаа бололтой. Тус намын дарга З.Энхболдын зүгээс Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн, Н.Батбаярыг Сангийн, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдад тус, тус нэр дэвшүүлсэн ч дээрх хүмүүс бүлгийнхээ гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй юм. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нартай хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ бүлгийн хурал дээрээ мэдэгдсэн гэж буй.

Үүнээс болж УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг өгч " Уг асуудлаар бүлэг дотроо ойлголцож чадахгүй юм байна. Өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд сайд нарынхаа нэрсийг оруулаад ир. Дэмжээд өгье" гэж хэлсэн гэдэг.

Ингээд Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд сайд нарынхаа нэрсийг оруулж ирсэн ч УИХ-ын дарга З.Энхболд дэмжихгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Тэгвэл уг асуудал ирэх намрын чуулган буюу 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэл үргэлжлэхээр боллоо. Тэр болтол дээрх сайд нарын нэрс өөрчлөгдөж ч магадгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24559
0 эможи
keyboard_arrow_up