Сайд нарыг хэзээ томилох вэ?
Бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан ч ээлжит бус чуулганыг зарлаагүй л байна. Ээлжит бус чуулган зарлах боломжгүй байгаа шалтгаанаа УИХ-ын дарга сайдад нэр дэвшигчдийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлээгүйтэй холбож тайлбарласан. Гэхдээ эх сурвалжийн мэдээгээр Ерөнхий сайд өнөөдөртөө багтаан сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх сураг байгаа ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосон хоёр нэр дэвшигчтэй хамтран ажиллах боломжгүйгээ гүйцэтгэх засаглалын тэргүүн илэрхийлсэн гэх мэдээлэл ч давхар дагалдлаа. Тодруулбал, Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Зам тээврийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар гологджээ. Тиймээс Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд гологдсон хоёр нэр дэвшигчийн оронд өөр нэр оруулж ирж мэдэх аж. Түүгээр бол УИХ-ын гишүүн Г.Батхүүг Зам тээврийн сайдад, харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Болорыг Сангийн сайдад нэр дэвшүүлж мэдэх ч бүлэг нь энэ асуудлыг хэлэлцээгүй байгаа юм байна. Г.Батхүүгийн хувьд “Алтан гадас” фракцийн төлөөлөл бол Б.Болор нь МҮДН. Өөрөөр хэлбэл, МоАХ-ны фракци нэг суудлаа “Алтан гадас”-т алдах болж буй. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн Х.Баттулга гараа хумхиад зүгээр суухгүйг хэлэх хүн ч байна.
Гологдсон нэр дэвшигчийн тухай тодруулахад, Шийдлийн Засгийн газрын ажлын гол хөзөр Тавантолгой төсөл байсан ч Л.Эрдэнэчимэг гишүүний оролцоотойгоор нурсан, тиймээс Ерөнхий сайдын зүгээс татгалзах нь зүйн хэрэг биз. Харин намын бүлэг нь үүнийг мэдсээр байж, сайдад нэр дэвшүүлсэн нь Ерөнхий сайдын янзыг нь үзээд байна уу, эсвэл АН-д Зам тээврийн сайд хийчих боловсон хүчин байхгүй болсон уу гэдэг асуулт дагуулж буй.
Харин Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Батбаярын тухайд гологдсон шалтгаан тодорхойгүй бол Хөдөлмөрийн сайдад нэр дэвшсэн Г.Баярсайханы хувьд асуудал гараагүй аж.
Тохиролцоо ёсоор МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл гурван сайдад хүнээ нэр дэвшүүлэх ёстой ч мөн л нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байна. Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Шадар сайдад нэр дэвших сонирхолтой ч МАХН-ынхан намдаа элсэх саналыг тавьжээ. Хэрвээ хүсэлтийг нь ёсоор болговол З.Баянсэлэнгэ гишүүнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшүүлэх бол Ц.Оюунбаатар гишүүнийг Барилга хот байгуулалт руу зоох аж. Өөрөөр хэлбэл, Н.Батцэрэг гишүүний сонголтоос МАХН-ын ч, Засгийн газрын нэр хүнд ч шалтгаалах болж буй юм байна.
Учир нь Шадар сайдад З.Баянсэлэнгэ гишүүнийг нэр дэвшүүлсэн нөхцөлд МАХН-ын рейтинг унах төдийгүй Засгийн газрын нэр хүндэд ч халтай тусч, огцруулах санаархалтай эрхмүүдэд боломж гаргаж өгч болзошгүй гэдэг асуудал бүлгээр асуудлыг ярих үед хөндөгджээ.
Уг нь тус бүлэгт Шадар сайдын ажлыг хийчих бэлэн хүн нь Д.Тэрбишдагва гишүүн. Гэвч тэрээр Дубайн гэрээг Монголын эрх ашигт нийцүүлээгүй нөхцөлд Шийдлийн Засгийн газарт сайдаар ажиллах боломжгүй гэдэг хатуу байр суурийг бүлгийн гишүүддээ илэрхийлсэн тухай дуулдаж байна.
Мөн Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд байгаа Ц.Оюунбаатар гишүүний хувьд хатуухан албанд томилогдох болзолтой тулгарсан тухай дуулдаж буй юм. Учир нь тус яаманд УИХ-ын гишүүн Х.Баттулгын фракцийн хүмүүс голлох болсон нь томилогдсон сайд өөрийнхөөрөө ажиллах боломжийг олгодоггүй. Тиймдээ ч АН Шударга ёс эвслийнхэнд нэг сайдын суудал өгсөн нэртэй хатуухан албыг зүтгүүлсэн гэх “бор шувуу” нисэж байна.
Хэрвээ бүлгүүд сайд нарын асуудлаа энэ долоо хоногийн эхээр эцэслэж шийдэхгүй бол Засгийн газар мөддөө бүрдэхгүй болох талтай аж. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд наймдугаар сарын сүүлээр АНУ-ыг зорих гэнэ. Энэ тохиолдолд сайд нарын томилгоо ирэх есдүгээр сарын 10-д болтол хойшилж мэдэх юм байна.
Асуудалд шуурхай хандвал сайд нарын томилгоог нэг өдөр л багтаан амжуулах аж.
Одоогоор МАН-ын сайд нарыг чөлөөлснөөс хойш 20 гаруй хоног өнгөрч, нэр бүхий зургаан яам үүрэг гүйцэтгэгч сайд нартай болсноос хойш мөн 20 гаруй хоногийг ардаа хийгээд байна.