Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.07/ хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүний гаргасан хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтыг хасах буюу хуулийн төслийн хариуцлагаас чөлөөлөхөд хамаарагдах найман хуулиас Авлигын эсрэг хуулийг хасах саналыг холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулан тусгаж, төслийг шинэчлэн боловсруулжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Д.Эрдэнэбат нар хууль санаачлагчаас асуулт асууж, тодруулга авсан байна.