“МАН”-ын зургаан сайд суудлаасаа “өршөөлгүй” буулаа

2015 оны 8 сарын 07

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын зургаан гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн билээ. 

Хуралдаанд байнгын хороодоос гаргасан санал дүгнэлтийг танилцуулж улмаар гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн юм. Ингээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайд У.Хүрэлсүхийг, Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжье хэмээн санал хураалт явуулж, олонхийн саналаар дэмжигдсэн.

 

Ийнхүү Шийдлийн Засгийн газар бутарч, зургаан сайдаа “Баяртай” болгов.

 

Засаг бутрах эсэхийг шийдэх хуралдаан ширүүхэн болж өнгөрсөн бөгөөд гишүүд ёстой тараа таниулах шиг болсон. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Засгийн газраас өргөн барьсан хуулийн 50 хувиас дээшийг нь Ардын нам эсэргүүцсэн байна.  Үүнийг яаж хамтарсан гэх юм. Н.Алтанхуягийн үед та нар ажил хийлгээгүй ш дээ.Чуулганы ихэнх хугацаанд сандал суудлын хэрүүл хийсэн шүү дээ хэмээн сэтгэлийн гүнд байсан нууцаа дэлгэв.

 

Харин С.Ганбаатар гишүүн Дубайн гэрээн дээр олон тэрбум долларын луйвар юу болов оо гэсэн бичиг явуулсан. Үүний хариуг хэзээ өгөх вэ. Өгвөл өгсөн юм шиг, авбал авсан юм шиг ажилдаа ормоор байна. Сайн сайд байгаа. Хөдөлмөрийн сайд Хөдөлмөр эрүүл ахуйн нэмэлт өөрчлөлт дээр олон жил яригдсан зүйлийг оруулсан.  Мөн ажилтны эрүүл мэнд амь насны давхар даатгал оруулж ирсэн.  Дарханы зам гэж там байна. Энэ зам хэзээ дуусах вэ. Мөн төмөр зам, авто замын асуудлаар Н.Төмөрхүү сайдаас хариулт авмаар байна хэмээвэл

 

Зам тээврийн сайд Н.Төмөрхүү: Энэ есөн сардаа багтаад Бичигт-Хөөтийн төмөр замын ажлыг эхлүүлэхээр болсон. Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замын ажил ирэх он гэхэд дуусна. Ирэх оноос энэ замаар нүүрсээ зөөгөөд эхэлнэ.  Хөөтөөс-Нөмрөг хүртэл ТЭЗҮ-г боловсруулж байгаа.  Нэг ялангуяа Завхан, Дорнод, Сүхбаатарын чиглэлийн замууд үргэжлээд явна. Хятадын хөрөнгө оруулалтаар Баянхонгорын Байдраг чиглэлийн автозамыг барина гэсэн юм.

 

Харин үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Н.Төмөрхүү сайд худлаа ярихгүй шүү. Гансүх байхдаа жилд дөрөв, таван аймгийг авто замаар холбоод байдаг. Гэтэл чи юу ч хийгээгүй ш тээ. Хэрүүл хийгээд яваад байдаг. Дархан дээр 500 гаруй сая төгрөг хуваарилагдсан. Бид нар төсөв мөнгөндөө тааруулаад явж байгаа. Бичигтийн замыг ТЭЗҮ-г шинээр боловсруулаад явж байгаа. Энэ есдүгээр сар гэхэд эхлүүлэхээр ажиллаж байна” хэмээсэн.

 

Энэ мэтээр Засгаас МАН-ын зургаан сайдыг “хөөх” эсэхийг шийдэх чуулганы хуралдаан ёстой л “ширүүхэн” болж өндөрлөсөн юм.

 

Ерөнхийлөгчийн санал усанд хаясан чулуу мэт замхарч, сайдууд огцорлоо

 

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэр бүхий гишүүдийг огцруулах асуудлаар зөвшилцөхөөр хүргүүлсэн албан бичгийн хариуг өгөхдөө “Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий 6 гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа.

 

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” хэмээсэн.

 

Гэвч Ерөнхийлөгчийн санал ёстой л усанд хаясан чулуу мэт замхарч, сайдууд суудлаасаа буулаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24169
0 эможи
keyboard_arrow_up