Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2015 оны 8 сарын 06

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.06/ хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэх асуудлын талаарх танилцуулгыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хийсэн.

Тэрээр, Ардчилсан нам, Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийг үндэслэн, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дагуу Монгол Ардын намын нэр бүхий сайд нарыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсан. Үүний дагуу тус байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдыг огцруулах асуудлыг оруулж байгаа юм хэмээв.

С.Баярцогт сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар Сангийн яамны сайдыг огцруулах санал дэмжигдсэн юм.

Үүний дараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн, Р.Амаржаргал, Н.Номтойбаяр нарын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа хэлсэн юм.

Ц.Даваасүрэн гишүүн, хуулийн төсөлд олон нийт дургүйцэхээр, сэтгэл ханамжгүй хандахаар зарим нэг зүйл байна. Тухайлбал, хуулийн төсөлд хөрөнгө орлогын мэдүүлэг, Авлигын эсрэг хуультай холбоотой заалтууд бий. Энэ нь нийгэмд, нийтэд улс төрийн хэдхэн албан тушаалтнууд өөрсдөдөө зориулсан хууль гаргаж байгаа юм шиг харагдахаар байна. Тиймээс уг хуулийн төслийн Авлигын эсрэг хуультай холбоотой хэсгийг хасах саналтай байгаа тухай хэлж байсан. Харин Н.Номтойбаяр гишүүний хувьд эдийн засгийн ил тод байдлыг хангахаар хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн зохицуулалтыг хийхээр хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэрвээ татвараа төлөөгүй, нуусан, далд байгаа хөрөнгөө мэдүүлсэн хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлж байгаа юм бол шударгаар татвараа төлөөд явж байгаа ААН-үүдээ урамшуулах шаардлагатай. Тиймээс байнгын хорооноос тогтоол гаргаж шударгаар татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа ААН-ын нэгжүүдийг урамшуулах, хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа улстөрийн болон төрийн албан хаагчдыг тодорхой хугацаанд албан тушаалын эрх эдлэхгүй байх зохицуулалт хийхийг Засгийн газарт үүрэг өгөх саналтай байгаа тухай саналаа хэлсэн.

Ийнхүү хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хурааж, дэмжигдсэн болон бусад саналуудын талаар байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24148
0 эможи
keyboard_arrow_up