Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

2014 оны 5 сарын 01

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.01/ үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын гишүүд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах замаар бүх яамны эрхлэх асуудлынх нь хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг оруулж өгснөөр төрийн институци хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч, төр, хувийн хэвшил, иргэдийн нэгдсэн механизмыг бүрдүүлнэ гэсэн үндэслэлээр дээрх хуулийн төслийг боловсруулжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг яамдад хариуцуулбал Ерөнхий сайд, үндэсний хорооны хүлээх хариуцлагыг тарамдуулах болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин хуулийн төслийг санаачлагч С.Дэмбэрэл гишүүн, Засгийн газрын тухай хуульд “эрхлэх асуудлынхаа хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал” гэж нэмж оруулан, яамдад эрхлэх асуудлынх нь хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хариуцуулах нь зүйтэй гэж үзсэн хэмээн хариуллаа. Түүний тайлбарласнаар, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байгаа болохоор ганц Ерөнхий сайд, салбарын яаманд хариуцуулаад орхиж болохгүй аж. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Дараагийн асуудал нь “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай”УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байлаа.

Тогтоолын төслийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулав. Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэжээ.

Төсөлд Монгол Улсад хэрэглэгдэх эмийг улсын бүртгэлд бүртгэх, эмийн хяналтын лабораторийн хүчин чадлыг олон улсын түвшинд хүргэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн эмийн зохистой хэрэглээ, жор бичилтийг төлөвшүүлэн, эм хангамжийн үр ашигтай, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөөс төлбөрийг нь хариуцах болон эрүүл мэндийн даатгалаас эмийн үнийн хөнгөлөлт олгох тогтолцоог боловсронгуй болгох талаар мөн тусгасан байна. Гишүүд эмийн үнэ, эмийн зохистой хэрэглээ, эмийн жор бичилт, төрөөс үзүүлж буй эмийн үнийн хөнгөлөлт, эмийн худалдаа, эм ханган нийлүүлэлтийн тендертэй холбоотой асуудлаар төсөл санаачлагчаас асууж тодруулан, саналаа илэрхийлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2402
0 эможи
keyboard_arrow_up