Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг маргааш үргэлжлүүлнэ

2014 оны 5 сарын 02

Улсын Их Хурлын хаврын чуулганы өнөөдрийн /2014.05.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 20 минутад 55.3 хувийн ирцтэй эхэлж, 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов.

 Нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өнгөрсөн сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт танилцуулсан юм.

Тус байнгын хороо уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр үдээс өмнөх болон үдээс хойших хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэж байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж дэмжсэн. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын зарим гишүүдээс гаргасан хажуугийн саналуудаар санал хураалт явуулж, улмаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжин энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 Тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, төр, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаас давхардсан тоогоор нийт 170 гаруй санал ирүүлснийг хянан үзээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд шууд заасан арга хэмжээнүүдийг хавсралтаар батлах, уг хавсралтад тусгах арга хэмжээг гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх гэсэн дөрвөн чиглэлээр өөрчлөх, мөн тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” гэж өөрчлөх зарчмын саналуудыг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Г.Багхүү, М.Батчимэг, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар гаргасныг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мөн төсвийн урсгал зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд шилжих, улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй байх чиглэлээр Монгол Упсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг тогтвортой болгох, төр хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд оролцохыг хязгаарлах, эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулах, ашигт малтмалын хайгуулын ажлыг сэргээх чиглэлээр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Тавантолгойн талаар Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор шийдвэрлэх, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Улсын Их Хурап, Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах, Таван толгой-Гашуунсухайт-Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах, төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлөх чиглэлээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх зэрэг саналуудыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт иж бүрэн дүн шинжилгээ хийж 2014 оны 6 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд танилцуулан цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлүүлэх, Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн төсөвт тусгах, бага, дунд орлоготой иргэдэд хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, “Чингис” бондын хуваарилагдаагүй болон зарцуулагдаагүй хөрөнгийн эх үүсвэрийг бодитой үйлдвэрлэлд хөрөнгө оруулах буюу үйл ажиллагаа нь жигдэрсэн экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг саналууд олонхын дэмжлэг аваагүй бөгөөд эдгээр саналууд дээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар цөөнх болсон. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар төсвийн хөрөнгийн урсгал зардлыг 20 хувиар бууруулах, төрийн байгууллага, албан тушаалтан баяр, ойн арга хэмжээ, дайллага, хүлээн авалт, бэлэг дурсгалд төсвийн хөрөнгөөс гаргахыг хориглох, Төсвийн хөрөнгөөр хэвлэл, мэдээлэлд сурталчилгаа хийх, хаалтын гэрээ хийхийг хориглох саналууд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй гэдгийг Д.Зоригт гишүүн танилцуулгадаа дурдав.

  Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, А.Бакей нар асуулт асууж тодруулсны дараа Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн болон дэмжигдээгүй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж эхлэв. Тус байнгын хороо тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад нам, эвслийн бүлэг, гишүүдээс гаргасан саналуудаас 39 саналыг нь дэмжсэн бөгөөд 13 санал олонхын дэмжлэг аваагүй аж.

 Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд зарим саналын томъёололтой холбогдуулан Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Харин байнгын хорооны 31 дэх санал буюу тогтоолын хавсралтад “Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Улсын Их Хурал, Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах” гэсэн дэд заалт нэмэх ажлын хэсгийн саналын томъёололтой холбогдуулан Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг нэг өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.

 Чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрлчөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2371
0 эможи
keyboard_arrow_up