Л.Эрдэнэчимэг: Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургууль огт хүрэлцэхгүй байхад архи борлуудаг цэгүүд олон байна
“Согтууруулах ундааны хяналтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд эмнэлгийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өнөөдөр /2014.04.30/ Төрийн ордон дахь Иргэний танхимд боллоо.
Тус хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлсэн үгэндээ, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсгээс нэлээд олон хэлэлцүүлэг хийсэн. 2003 онд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль батлагдан гарснаас хойш 11 жил өнгөрсөн ч архидалт огт буураагүй үзүүлэлттэй байгаа. Иргэдээс архины тухай хуулийг чангатгаж өгөөч, архидалт газар авлаа, архидалтаас болж гэмт хэрэг үүсч байна, архи борлуулдаг цэгийн тоо дэндүү олон байна гэсэн шүүмжлэлийг байнга тавьдаг. Үнэхээр хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургууль огт хүрэлцэхгүй байхад архи борлуулдаг цэгүүд олон байна. Хууль бус архины худалдаа маш их байна. Иймд үүнийг цэгцэлж өгөөч гэсэн иргэд, сонгогчдын хүсэлтийн дагуу зайлшгүй хийх ёстой ажлын нэг гэж ойлгож байгаа. Тийм ч учраас Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийнхээ хугацаанд энэ хуулийг гаргах ёстой гэсэн зорилт тавин ажиллаж байна. Бодит амьдралд хэрэгжихүйц хууль гаргахын тулд ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа болон ашиг сонирхолд нь нийцэж байгаа бүх хүмүүсийн дуу хоолойг сонсож авахыг нь авч хаяхыг нь хаяж хуулийн төсөлд тусган ажиллах ёстой. Иймээс хуулийг хэрэгжүүлэхэд бодит амьдрал дээр юу нь болж, юу нь болохгүй байгаа талаар нийслэлийн дүүрэг, хороод, цагдаагийн албан хаагчдын дунд хэлэлцүүлэг явуулж нэлээдгүй саналуудыг аваад байна. Мөн хамгийн их эрх ашиг нь хөндөгддөг найман нэрийн барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
Зарим иргэдийн дунд хүний эрх зөрчсөн асуудал ярьж байна, хуурай хууль гаргах гэлээ гэсэн шүүмжлэл яригддаг. Энэ бол хуурай хууль биш харин тодорхой хязгаарлалтуудыг хийж өгч байгаа. Энэ хуулийн гол зөвлөхөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ажилласан. Энэ удаагийн хэлэлцүүлэгт эрүүл мэнд, наркологийн чиглэлээр хуулийн төсөлд ямар асуудлыг тусгах нь оновчтой талаар санал бодлоо солилцох зорилготой ” гэлээ.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 95 аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа аж. 2013 онд хийгдсэн судалгаагаар спирт 1925 литр, архи, дарс 24774 литр, шар айраг 64 сая литр үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154926 литр архи гаргасан үзүүлэлттэй байна. Түүнчлэн дотоодод үйлдвэрлсэн болон импортолсон архины хэмжээг харьцуулж үзэхэд өндөр тоо гардаг бөгөөд энэ нь ДЭМБ- аас гаргасан зөвлөмжтэй харьцуулахад маш өндөр дүн гарч байгаа нь анхаарал татаж байгааг ХЗЯ-ны Хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдсан юм. Мөн архины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэлээ. Өнөөдөр улсын хэмжээнд 7823 дэлгүүр согтууруулах ундаа борлуулж, 2880 байгууллага согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээ явуулдаг гэсэн статистик гарчээ. Нийт гэмт хэргийн 25.2 хувь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарч, захиргааны зөрчил 7.5 хувьтай байгаа гэв.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд 1994, 2000, 2003 онд өөрчлөлт оруулж, 2003-2011 онд үндэсний хөтөлбөрүүд хэрэгжсэн ч архидалт буурахгүй байгаа. Иймд шинэ стратеги боловсруулж архидалттай тэмцэх шаардлагатай болсон. 90 оноос манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр архидалт ихэссэн гэдэг ч өнөөдөр өсвөр үеийн насанд хүрээгүй хүүхдүүд архи амсах, хэрэглэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Архинаас хордох тохиолдол жилээс жилд нэмэгдэж залуу насандаа архины хордлогоор нас барах тохиолдол ихэсч байна. Архидан согтуурах нь өөрөө өвчин. Маш удаан эмчилгээ авдаг. Эрүүлжүүлэгдсэн гэж ярих бус архины хордлогыг эмчлэх, хордлогоос гаргах гэж томьёолох нь зүйтэй гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Бямбатогтох хэллээ.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн наркологи, сэтгэцийн эмч нар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хордлогын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Наркологийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцож санал солилцсон бөгөөд зарим оновчтой саналуудыг хуулийн төсөлд тусгах юм