Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өнөөдөр / 2014.04.30 / Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтыг үндэслэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг боловсруулжээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, инфляцийг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, эдийн засгийг дэмжсэн санхүү, зээлийн бодлого хэрэгжүүлж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 27 зорилтын 91 бодлогын арга хэмжээтэй бөгөөд эдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүн, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, бусад хөтөлбөр, бодлогын баримт бичгийн уялдаа болон зорилт, арга хэмжээг хариуцах яам, байгууллагыг мөн тусгасан байна.