Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг хилийн боомтуудад ажиллаж байна
Өнгөрөгч онд манай мал сүрэг 51,9 сая болж, улаанбуудайн ургац 489,000 тонн болж өссөн. Энэ хаврын мал төллөлтийн байдлаар 18 сая төл мал хүлээн авч нийт мал сүргийн тоо 70 саяд хүрсэн нь сүүлийн 20 гаруй жилд хөдөө аж ахуйн салбарын түүхэнд байгаагүй ололт амжилт болсон юм.
Энэ нь цаашдаа хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлж байна . Тэгвэл энэ чиглэлээр ХХАА-н яамныхан эрчимтэй ажиллаж эхэлжээ. Энэ сарын 21-27-ны өдрүүдэд ХХАА-н дэд сайд Б.Батзориг Бичигт- Зүүн хатавч, Сүмбэр- Рашаан, Баянхошуу- Өвдөгийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, эдгээр боомтын хорио цээрийн хяналт шалгалт хийх байгууламж, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр боомтуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ үеэрээ ӨМӨЗО-ны хил боомтын удирдлага, аймаг хотын дарга нартай уулзалт хийж хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд ,бүтээгдэхүүн экспортлох боломжуудыг харилцан ярилцлаа . Уулзалтын үеэр газар зүйн байршлын давуу талыг ашиглан үхэр, хонины махыг Монголд боловсруулж, нэмүү өртөг шингээн Хятад Улсад экспортлох , бэлчээрийн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хонь, ямааны махны экспортыг нэмэгдүүлэх, хагас эрчимжсэн махны үхэр, хонины аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр олон бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд ажил урагшилж байгаа талаар ярилцлаа. Цаашид хоёр талаасаа үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж ойрын хугацаанд экспортоо гаргаж эхлэх хэрэгтэй байгаад хоёр тал санал нэгдэж тодорхой ажлуудыг төлөвлөлөө.