Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

2014 оны 4 сарын 30

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр  УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох чиглэлээр шинэ хууль, дүрэм, журмууд батлагдаж байгаа боловч, эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи хайгуулын салбарт гадаад, дотоодын шинэ хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Учир нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль, “Талбайг нөөцөд авах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоол зэрэг хууль тогтоомжуудын улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй болж хайгуулын ажилд дорвитой шинэ хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байгааг төсөл санаачлагч онцлов.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 6 зүйлтэй байх бөгөөд 1 дүгээр зүйлд Түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай хуулиар зохицуулах, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгосон хөрөнгийн мэдээллийг холбогдох төрийн байгуулагаас авч мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээ, ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн боловсруулалтын чанар сайжруулах, боловсруулагчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, ашигт малтмалын баялаг, нөөцийн тухай нэр томъёог олон улсын жишгээр хуульчлах, Засгийн газар, төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тодорхой болгоход чиглэгдсэн зохицуулалтыг тусгасан байна.

Энэхүү хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч онцлон тэмдэглэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2295
0 эможи
keyboard_arrow_up