Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.11/ үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан.
УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн сайд Д.Дорлигжав хэлсэн.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэж тооцжээ.
Төсвийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцууллаа. Төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа олон аж ахуйн нэгжүүдийг хуульд хамруулахгүй байгаа нь буруу гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл төслийг зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх бус Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, хууль тогтоомжид нийцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсныг Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулах үеэрээ УИХ-ын гишүүн Д.Батцогт дурдсан юм.
Төслийн танилцуулга болон, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, энэ хуулийн хамрах хүрээ тодорхойгүй байна хэмээж байлаа. Тэрбээр, татварын акт тавигдсан, шалгагдаж байгаа хэчнээн аж ахуйн нэгж байгаа вэ, хууль батлагдахыг хүлээгээд аж ахуйн нэгжүүд татварын тайлангаа гаргаж өгөлгүй хүлээлт бий болоод байна хэмээн лавласан. Далд эдийн засаг 35 хувьтай гэж байгаа энэ үед хуулийг баталснаар эдийн засагт ямар өгөөж авчрахыг гишүүн сонирхож байлаа. Түүнчлэн энэ хуулийн төсөл хөрөнгө, орлогоо нуусан албан тушаалтнуудад өршөөл үзүүлэх зорилготой гэсэн ойлголт олны дунд байна гээд энэ талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн.
Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хариулснаар, 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөлийн тухай хуулиар зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж, дээрх хуулиудын дагуу 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлсэн байна. Татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлжээ. Улмаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан байна. Харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгаж шинээр мэдүүлсэн, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөөр тусгасан болохыг сайд тайлбарласан. Ингэхдээ хууль нийтэд тэгш үйлчлэх зарчмаар хэрэгжихээр тусгасан болохыг нэмж хэлсэн.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт нарын гишүүд татвараа шударгаар төлж ирсэн аж ахуйн нэгжүүдийг харж үзэх хэрэгтэй гэж байлаа. Тэд хуулийн төслийг Эдийн засгийн, Хууль зүйн, Төсвийн байнгын хороогоор тус тус хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээсэн.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Р.Амаржаргал, Б.Гарамгайбаатар, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва нар дээрх хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд байнгын хороогоор хэлэлцсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Тлейхан танилцуулсан юм.
Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгээс тогтоолын төслийн хавсралтын Нийтлэг үндэслэл гэсэн 1 дүгээр бүлгийг бүхэлд нь өөрчлөн найруулж, салбарын өнөөгийн байдлын талаарх бодлогын баримт бичигт заавал тусгах шаардлагагүй хэд хэдэн заалтыг хасан, тулгамдаж буй асуудлуудыг илүү тодорхой, цэгцтэй томьёолсон, мөн төслийн хавсралтын 4 дүгээр бүлэг дэх бодлогын зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтийг дэлгэрэнгүй тодорхойлсон заалтуудыг “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-т тусгах нь зүйтэй гэж үзсэн тул хураангуйлж, гол агуулгыг нь багтаасан заалтууд бүхий саналын томьёоллууд болгон тус тус боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн А.Тлейхан танилцуулгадаа дурдсан. Ингээд байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараагийн асуудал нь Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан. Хуулийн төслүүдэд “сэргээгдэх эрчим хүчний ногоон тариф” хэмээн тусгасан байсныг “дэмжих тариф” гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс санал оруулсан бөгөөд үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулгадаа дурдсан. Төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн саналууд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авснаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөсөн юм. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асууж, тодруулах гишүүн байсангүй. Ингээд анхны хэлэлцүүлгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.