М.Батчимэг, Н.Энхболд нар Хэл зохиолын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Энхболд нар өнөөдөр /2015.06.09/ Монгол хэлний тухай хууль 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд байгууллагынхаа талаар танилцуулсан. Тус хүрээлэн нь Хэл шинжлэл, Хэрэглээний хэл шинжлэл, Утга зохиол судлал, Аман зохиол судлал, Төвд судлал гэсэн таван сектор, Алтай судлал, Монголын нууц товчоо судлал гэсэн хоёр төв, Дуун ухааны хөмрөг сан, Ц.Дамдинсүрэнгийн гэр музей зэрэг есөн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хүрээлэн нь нийт 50 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай бөгөөд тэдгээрийн дотор академич 3, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 3, шинжлэх ухааны доктор 9, доктор 12 ажиллаж байгааг УИХ-ын гишүүдэд танилцууллаа.
Мөн тэрээр Монгол хэлний тухай хууль хэрэгжих гэж байгаатай холбоотой бэлтгэл ажил хийгдэж байгааг дуулгаад Ерөнхийлөгчийн Тамгын газар, эрдэмтэд, их дээд сургуулийн багш нартай уулзалт хийж, Ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдах Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн талаар санал солилцсон тухайгаа хэлэв. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран цахим толь (www.mongoltoli.mn) бүтээснээ хэлээд 40 мянган үгтэй эх хэлний дүрмийн толь бичиг гаргахад бэлэн болсныг хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Монгол хэлний тухай хууль батлагдсанаар Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд дүрмийг нэгдмэл, боловсронгуй болгох, нэр томьёог мэргэжлийн байгууллага, хүмүүсийн оролцоотой орчуулах, үгсийн санг баяжуулах үүрэг хүлээлгэсэн. Судалгааны байгууллагын саналыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл баталснаар монгол хэлний дүрэм, нэр томьёоны орчуулга улс орон даяар нэг мөр болж мөрдөгдөнө. Эдгээр байгууллага хуульд заасан үүргээ гүйцэтгэж эхэлснээр Монгол Улсад дэлхийн олон оронд байдаг “Хэлний академи” бий болж байгаа гэдгийг онцоллоо. Мөн тэрээр хууль хэрэгжихэд Хэл зохиолын хүрээлэн юуны түрүүнд төрийн албанд элсэгчдийн монгол хэлний шалгалтын агуулгыг боловсруулсан байх хэрэгтэй. Шалгалтын 25 хувь нь хуучин монгол бичиг гэж заасан. Тиймээс энэ ажлыг яаралтай эхлүүлэх нь зүйтэй гэлээ. Түүчлэн Монгол хэлний тухай хуулиар Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн 7 чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн үүргийг хүлээсэн тухай хэлээд цаашид хууль хэрэгжүүлэхэд хүрээлэнгийн бүтэц, орон тоо бэлэн эсэхтэй өнөөдөр танилцаж байгаа юм гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хэлэхдээ, Хэл зохиолын хүрээлэн нь хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагатай байгууллага болж байгаа. Тиймээс төрийн зүгээс ч төсөв мөнгө, орон тоог нэмэгдүүлэх талаар анхаарч дэмжиж ажиллах ёстой гэлээ. Мөн 7 дугаар сарын 1-нээс өмнө бүтцээ хуульдаа нийцүүлэн зохион байгуулах хэрэгтэй. Энэ жилийн хувьд одоо байгаа нөөц боломжоо ашиглан хуулиа хэрэгжүүлнэ. Харин 2016 оноос төсөвт мөнгө суулгуулах талаар УИХ-ын гишүүд бид ажиллана. Хууль батлаад орхих биш хэрэгжүүлэх тал дээр хууль санаачлагч гишүүд бид анхаарч ажиллана гэлээ.
Улсын Их Хурлын гишүүд Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудтай уулзаж хууль хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл байгаа талаар санал солилцлоо. Эрдэм шинжилгээний ажилтнуудын дийлэнх нь хүний нөөцийн болон төсөв мөнгөний хүрэлцээ муу байгааг УИХ-ын гишүүдэд дуулгасан юм.
Мөн УИХ-ын гишүүд Дуун ухааны хөмрөг сан болон хүрээлэнгийн байранд хадгалагдаж байгаа эртний ном сударыг үзэж сонирхлоо.
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Энхболд нарыг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.