УИХ-ын дарга "Дархан нэхий" компанийн үйлдвэртэй танилцлаа

2015 оны 6 сарын 08

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ /2015.06.07/ “Дархан нэхий” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус үйлдвэр нь жилд 6 хувийн хүүтэй Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдсан бөгөөд үүнийгээ түүхий эд материал худалдан авах, нийлүүлэлтийн сүлжээн дэх дэд бүтэц, хүчин чадал сайжруулах, тоног төхөөрөмж худалдан авах,  үйлдвэрийн барилга, дулаан, сантехникийн засвар, экспортын маркетингийн зардалд зарцуулсан гэв. Одоогийн байдлаар 2 сая арьс боловсруулах хүчин чадалтай Богийн арьс боловсруулах үйлдвэр, 350 000 шир боловсруулах хүчин чадалтай Шир боловсруулах үйлдвэр, нийт борлуулалт 17 тэрбум төгрөг, үүний нэхий дээл 15 тэрбум, жижиг эдлэл 2 тэрбум төгрөгийн борлуулалтай Нэхий эдлэлийн оёдлын үйлдвэр, Савхин эдлэлийн оёдлын үйлдвэр, Гадартай хувцасны оёдлын үйлдвэр болон жилд нийт 150 000 хос ширэн гутал, 50 000 хос хавар намрийн гутал, 50 000 хос нэхий гутал  нийт 250 000 хос гутал үйлдвэрлэдэг Гутлын үйлдвэрүүд ажиллаж байгааг танилцуулсан юм. Үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэлийг 325 суманд ажиллаж буй 1500 төлөөлөгч хариуцан ажилладаг аж.

Тус үйлдвэр нь Итали, Испани,Тайланд улс руу хагас боловсруулсан шир, ОХУ руу арьсан бүтээгдэхүүн экспортолж байгаагийн зэрэгцээ Европын хэд хэдэн улстай бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ хийн, эхний ээлжинд загваруудаа тохиролцсон байдалтайгаар ажил үргэлжилж байна гэв. Түүнчлэн цахим худалдааны томоохон сүлжээ болох www.alibaba.com сайтаар олон улсын хэрэглэгчдээс онлайн захиалга авч байгаа болохоо УИХ-ын даргад танилцуулав.

Тус үйлдвэр улсын төсөвт жилд 2 тэрбум төгрөгийн татвар төлдөг бөгөөд хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрээ өргөжүүлснээр энэ хэмжээ нэмэгдэх боломж бүрдсэн байна. Эдийн засгийн нөхцөл байдал нь үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд санаачилгатай ажиллаж чадвал эерэг нөлөөлөлтэй байгааг тус үйлдвэрийн захирал энэ үеэр онцолж байлаа. 

УИХ-ын дарга тус үйлдвэрийн экспортын шинэ бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхоод “Төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах ёстой. Яг энэ чиглэлээр төрийн байгууллагаас зарласан аливаа тендерийг шалгаруулахдаа үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрх олгон, дотоодод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй ижил нэр төрлийн импортын бараа, үйлчилгээг авахгүй байх зохицуулалт бүхий төсөл УИХ-д хэлэлцэгдэж байгаа” хэмээн хэлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газар тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой талаар ярилцаж, санал солилцсон юм. Үүний дараа УИХ-ын дарга дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар үйлдвэрүүдийн үйл явцтай танилцан, тулгамдаж буй асуудал болон Засгийн газрын хөнгөлөлтэй зээлд хамрагдсаны үр дүнгийн талаар үйлдвэрийн удирдлагуудтай харилцан ярилцлаа.

УИХ-ын даргыг “Дархан нэхий” үйлдвэрт ажиллах үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22684
0 эможи
keyboard_arrow_up