МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт татварын харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн зөрүүтэй зохицуулалтыг Татварын ерөнхий хуульд заасан “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэн зарчмын дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөх, тайлагнах хугацааг ижилтгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймд хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг энгийн ойлгомжтой болгох, татвар төлөхтэй холбооттой үүсээд буй маргаантай асуудлуудыг ерөнхий хуулийн зарчимтай нийцүүлэн татвар төлөх, тайлагнах эцсийн хугацааг ижил болгон өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Болор хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Гишүүд асуулт асууж дууссаны дараа анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулсныг 64.2 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 70.4 хувийн саналаар, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлах саналыг 67.3 хувийн саналаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг 67.3 хувийн саналаар тус тус дэмжив.
Үүний дараа “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс тэтгэвэрт гарах насны асуудлыг хөндөж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, тэтгэвэрт гарах насыг нэмэх асуудлыг бодлогын баримт бичигт огт тусгаагүй. Бодлого гэдэг утгаараа тэтгэврийн насыг нэмэгдүүлэх боломж байгаа эсэх болон цаашид тэтгэврийн насны асуудлаар ямар бодлого баримтлах вэ гэдгийг тодорхойлж судалгаа хийх заалт орсон гэсэн тайлбарыг хийсэн.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг уг асуудлаар 5 хоногийн завсарлага авах горимын санал гаргасныг хүлээн авлаа. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.