Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

2015 оны 6 сарын 03

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, А.Бакей нар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2015.06.03/ өргөн барилаа.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 13 гишүүн хамтран боловсруулсан бөгөөд одоо мөрдөгдөж буй Хог хаягдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг бүрэн багтаасны дээр олон нийтийн байгаль орчны талаарх боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлын талаарх ойлголтыг өөрчлөх механизмыг бий болгох зохицуулалтыг нэмж оруулсан гэв. Мөн хог хаягдлын байгууламжийн талаарх зохицуулалтуудыг нарийвчлан тусгаж, эдийн засгийн зохицуулалт хийсэн талаараа хууль санаачлагч гишүүн УИХ-ын даргад танилцуулсан юм. Тухайлбал, одоо мөрдөгдөж буй хуульд 2R буюу хог хаягдлыг багасгах, дахин ашиглах гэдэг ерөнхий зарчмаар тусгасан байдаг бол шинэчилсэн найруулгын төсөлд 4R (Reduce, Reuse, Recover, Recycle) буюу хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахиварын үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх, шатлал бүрт бизнесийн механизм, урамшуулалтай байхаар зохицуулалт хийсэн байна.

Монгол Улсын хэмжээнд жилд 2.4 тонн хог хаягдал гардаг, үүний 82 хувийг нь дахин боловсруулах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой болохыг дурдаад үүнийг цаашид нөөц болгон, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм. Энэ хуулийн төсөл батлагдсанаар хог хаягдал нь баялаг болж, эдийн засгийн өндөр үр ашигтай салбар болох боломж өргөн бий гээд, Япон улсын эдийн засгийн 30 хувийг хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах үйлдвэрүүд эзэлдэг жишээ дурдсан юм. Дэлхийд тэргүүлэгч эдийн засагт энэ хэмжээний үр ашигтай байгаа хог хаягдлыг баялаг болгох үйлдвэрлэл нь Монгол Улсын эдийн засагт ч тодорхой хэмжээний үр ашигтай байх боломж бий хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Уг хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс ирүүлсэн санал болон иргэд, байгууллагаас бичгээр ирүүлсэн 28 саналыг бүрэн тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22525
0 эможи
keyboard_arrow_up