Тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт хэрэгтэй гэв
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.06.03/ хуралдаан 09.00 цаг 35 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв.
Хуралдаанаар эхлээд тус байнгын хорооноос ахмад настнуудад олгож буй тэтгэвэр барьцаалсан банкны зээлийн олголтын талаар баримтлах бодлогыг тодорхойлох, зээлийн хүүг бууруулах боломжийг судлах асуудлаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд өгсөн үүрэг чиглэлийн үр дүнгийн талаарх танилцуулгыг сонссон юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ танилцуулгадаа, “ Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн үйл ажиллагаанд хууль эрх зүйн зохицуулалт бий болгох асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллууллаа. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд манай яам болон Сангийн яам, Хууль зүйн яам, Монголбанк, Үндэсний зөвлөл, НДЕГ, Ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, ҮЭХ-ны төлөөлөл тус тус ажилласан. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэд тэтгэврээ барьцаалан арилжааны банкнаас зээл авч зээлийн сарын хүү /1,5 хувь/ -г өндөр байгаа талаар ахмадуудын эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллага, ахмадууд, тэтгэвэр авагчид гомдол, саналаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд илэрхийлж байна.
Ахмад настны нийгмийн хамгааллын баталгааг хангах, тэтгэвэр авагч ахмадуудын амьдралын чанарыг сайжруулах бодлогын хүрээнд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг багасгах, ялгавартай тогтоох талаар арилжааны банкинд санал хүргүүлсэн боловч банкны байгууллага энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүйгээс гадна уг зээлийн онцлог, эрсдлийн түвшин зэргээс хамааран зээлийн хүүг бууруулах боломжгүйгээ мэдэгдсэн.
Банкны тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцлийн дагуу зээл олгох, зээлийн хүүг тогтоох асуудлыг банкны байгууллага хэрэгжүүлдэг. Банкны байгууллага болон тэтгэвэр авагчдын хооронд байгуулсан гэрээний дагуу олгож буй зээлийн хөрөнгийн зориулалтын талаар зарим ахмадын өргөдөл, хүсэлтээс үзэхэд тухайн зээлийн хөрөнгө нь ахмадуудын нийгмийн баталгааг хангахаас илүүтэй гэр бүлийн бусад гишүүдийн шаардлагатай хэрэгцээг хангах хөрөнгийн эх үүсэврт ашиглагдаж, ахмадуудын хэвийн амьдралын нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа нь ажиглагдаж байна. Түүнчлэн Монголын чөлөөт ахмадын холбооноос зохион байгуулан ахмадуудаас бичгээр, утсаар, цахим хэлбэрээр авсан судалгаанд оролцогчдын 70 гаруй хувь нь буюу 2407 ахмад “тэтгэвэрээ өөртөө зориулж байхыг хуульчлах” санал гаргасан байна.
Манай яам, Үндэсний зөвлөлийн гол бодлого бол ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон асрамж, халамж, тусламж дэмжлэг шаардлагатай иргэдийн нийгмийн баталгааг хангахад чиглэгдэнэ. Энэ бодлоготой нийцэхгүй аливаа үйл ажиллагааг дэмжих боломжгүй. Энэ утгаараа “тэтгэвэр барьцаалсан зээл”-ийн үйлчилгээг дэмжих боломжгүй байгаа юм. Гэвч тэтгэвэр авагч иргэдийн тодорхой хэсэгт эрэлттэй байгаа энэхүү зээлийн үйлчилгээг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, З.Баянсэлэнгэ, Д.Хаянхярваа, Г.Баярсайхан нар асуулт асууж санал хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нар энэ асуудлыг банк, санхүүгийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцаад гэрээ, хэлцлээр зохицуулах арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Харин заавал тусдаа хууль гаргах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол гишүүдийн олонх нь энэхүү зээлийн үйлчилгээг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалтыг бий болгохыг дэмжсэн саналуудыг хэлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Ховд аймагт томилолтоор ажиллаж байхад иргэдийн зүгээс банкууд хүүгээ нэмчихлээ. Одоо хоёр хувь болчихсон байна. Улсын Их Хурал дээр зээлийн хүүг бууруулах тухай хэлэлцэж байгаа, энэ нь олон нийтэд зээлийн хүү буурсан болж харагдаад иргэдийг хуурч, хошигруулж байна гэдгийг хэлж ярьж байна. Тэгэхээр энэ асуудлаар нэг мөр хууль гаргаж зохицуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг хэрэгжүүлэх хуулийн төсөл боловсруулах үүрэг чиглэл бүхий байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, З.Баянсэлэнгэ, Д.Хаянхярваа, С.Одонтуяа, Г.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй байхаар батлав.
Үүний дараа Хүүхэд хамгаалах тухай болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн бүх шатанд боловсруулах үүрэг чиглэл бүхий Ажлын хэсэг байгуулах санал хураалт явуулсныг мөн дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Хаянхярваа, Ё.Отгонбаяр, С.Одонтуяа, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй байхаар батлав.
Мөн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.