Хууль зүйн байнгын хороо Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдан /2015.06.02/ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц 05 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэж үзжээ.
Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн юм. Тэрбээр, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.” гэж зааснаас бусдаар тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхой хугацаатай эрхэлсний дараа “хуульч”-д тооцогдох ямар нэгэн зохицуулалт байхгүй. Мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ ... гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг зөрчсөн асуудал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх хэсэгт байхгүй.
Түүнчлэн Хуульч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалан шүүн таслах ажиллагаанд оролцож, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж, хүний эрхийг хангах баталгаа болохын хувьд түүний мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг тодорхойлох нь төрийн үүрэг юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ...” гэснийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин ч ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг баталгаажуулж өгсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй байх нь зүйтэй хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Үндсэн хуулийн цэц улс төр хийдэг байгууллага болж хувираад байна гэж шүүмжлээд энэ байгууллагыг Үндсэн хуулийн шүүх болгон сонгодог утгаар нь байгуулах цаг болсон гэлээ.
Ингээд дээрх дүгнэлтийн Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.
Үүний дараа Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. Хуулийн төслийн талаар Шадар сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
Шинэчилэн найруулсан хуулийн төсөлд галын аюулгүй байдлыг хангуулахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн Галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хичээл сургалтыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад явуулах ажлыг шилжүүлэхээр тусгажээ. Ингэснээр төрийн зарим чиг үүргийг иргэд, төрийн бус байгууллагад шилжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж үзэж буй юм байна.
Галын аюулгүй байдлын тухай хуульд гал унтраах ангийг зөвхөн төрийн өмчит байхаар тусгасныг өөрчлөн хөрш зэргэлдээ болон бусад гадаад улс орнуудын жишгийг судлан, сум бүрд гал түймэр унтраах сайн дурын нэгжтэй байх, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байхаар төсөлд тусгалаа гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагууд тодорхой зардлыг гаргах талаар төсөлд туссан эсэхийг лавлаж байлаа. Мөн тэрбээр, галд өртөмхий бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ тавьдаг тусгай тэмдгийн талаар төсөлд хэрхэн тусгасныг тодруулсан.
Ажлын хэсгээс хариулснаар, Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх аж ахуйн нэгж, байгууллага жил бүрийн төсөвтөө галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хөрөнгө тусгах, тэрхүү хөрөнгөөр гал унтраах багаж, техникийг шинэчлэхээр төсөлд тусгасан байна. Мөн галын аюултай бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах талаар хуульд тусгайлсан заалт оруулсан гэлээ.
УИХ-ын гишүүн З.Энхболд, энэ хавар гарсан ой, хээрийн түймэр маш их хэмжээний хохирол учруулсан болохыг дурдаад ой, хээрийн түймэр унтраах нисдэг тэрэгтэй болох талаар хийсэн судалгаа бий юу гэж асуусан. Мөн Засгийн газрын ордонд гарсан галаас ямар сургамж үлдэв гээд Төрийн ордон дахь галын дохиоллын талаар тодруулсан юм.
Онцгой байдлын ерөнхий газар гал унтраахад ашигладаг нисдэг тэрэгний талаар судалгаа хийсэн гэж Ажлын хэсгээс хариулсан. Нисүүт дундаа нуурын уснаас соруулан 4 тонн ус тээвэрлэх хүчин чадалтай нисдэг тэргийг ОХУ-д ашигладаг аж. Ийм нисдэг тэрэгнээс асгасан ус 10х15 метрийн хэмжээтэй газарт буудаг байна. Түүнчлэн 30-40 тонн ус тээвэрлэх хүчин чадалтай нисдэг тэрэг байдаг бөгөөд ийм нисдэг тэргийг ашигласан тохиолдолд нуурын уснаас соруулахын тулд хол нислэг хийх шаардлагатай бөгөөд энэ нь хугацаа алдах, зардал их гарах талтай гэлээ. Төрийн ордны галын аюулгүй байдал шаардлага хангахгүй байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шаардлага хүргүүлж байсан хэмээн ОБЕГ-ын удирдлага хэлсэн. Төрийн ордонд буй галын дохиоллын систем галыг мэдрээд тус ордны нэгдүгээр давхарт байрлаж буй галын албаны хүмүүст дохио хүргэх системтэй юм байна. Галыг унтраах автомат системд холбогддоггүй аж. Тиймээс шаардлага хангасан тоног төхөөрөмжийг суурилуулан галын аюулгүй байдлыг хангах талаар судалгаа хийж байгаа бөгөөд энэ асуудлаар Засгийн газрын тогтоол гарсан болохыг Шадар сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм. Дээрх хуулийн төслийг өмнө нь хэлэлцээд Ажлын хэсгээс гаргасан саналуудыг тусгах чиглэл өгөн Засгийн газарт буцаасан бөгөөд Засгийн газар дахин боловсруулан өргөн барьсан юм. УИХ-ын гишүүн З.Энхболд, Ж.Батзандан нар хуулийн төслийн талаар хангалттай хэлэлцсэн учир хэлэлцэх эсэхийг нь шийдэн, хугацаа алдахгүйн тулд анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэсэн саналтай байсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан.
Хууль хэрэгжих цахим орчныг бүрдүүлэхэд Олон Улсын Санхүүгийн Корпорациас техникийн туслалцаа үзүүлэхээр Хууль зүйн яамтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт ачаалал нэмэгдэхгүй, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцаалах эрх зүйн орчин сайжирна гэж сайд хэллээ. Түүнчлэн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны бүртгэлийн нээлттэй, хурдан шуурхай, энгийн систем нэвтэрч, банк, санхүүгийн байгууллагууд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, энэхүү өрсөлдөөний үр дүнд зээлийн хүү буурч, хугацаа уртсан жижиг, дунд бизнес эрхлэлтэд бодитой дэмжлэг үзүүлнэ гэж тооцжээ.
Бага дунд орлоготой иргэд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээл авах боломжтой болох, санхүүгийн бусад төрлийн үйлчилгээнд хамрагдах бодит нөхцөл бүрдэхийн зэрэгцээ өөрийн өмчлөлд байгаа хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд илүү үр ашигтайгаар оруулах нөхцөл бололцоо бүрдэх юм байна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон иргэд банк, санхүүгийн үйлчилгээнд хамрагдсанаар санхүү, татварын бүртгэлд хамрагдах боломжгүй албан бус хэвшилд буюу далд эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгийн урсгал ил болох боломжтой болох аж. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.