Н.Батбаяр: ҮХ-ийн өөрчлөлтийг энэ онд багтаах ёстой
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонссон юм. Энэ асуудалтай холбогдуулж, тус ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Н.Батбаяраас дараах тодруулгыг хийлээ.
- Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажил ямар төвшинд явна вэ?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсл боловсруулах ажлын хэсэг дөрвөн сар гаруйн хугацаанд ажилласны эцэст бүлгүүддээ эхний ээлжийн мэдээллийг өгч байна. Ажлын хэсэгт Шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан 430 гишүүний төлөөлөл болсон гишүүдийг багтаасан. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Л.Цог, С.Баярцогт, Л.Болд, Н.Батцэрэг, С.Оюун, миний бие орсон. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй удаа хуралдсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг жирийн асуудал биш, нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 76 гишүүнээс 57 нь дэмжих ёстой учраас нухацтай хэлэлцэх ёстой.
Ажлын хэсгийн хувьд Үндсэн хууль батлагдсан 23 жилийн хугацаанд Үндсэн хуультай зөрчилдсөн ямар асуудал тулгарсан бэ гэдгийг судаллаа. Дэлхийн олон орны Үндсэн хуулийг мөн судалсан. Дэлхийн 25 орны Үндсэн хуулийг судлахад аюулгүй байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулснаас гадна төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, тэр тусмаа тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр маш сайн зохицуулалт тусгасан байдаг юм байна.
Монгол Улсын хувьд Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойшхи 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар, 17 Ерөнхий сайдын нүүр үзэж... Нэг Засгийн газар хоёр жил хүрэхгүйн хугацаанд ажилласан байна. Хөгжсөн орнуудын тухайд ямар байна гэхээр төр засаг нь тогтвортой, үйл ажиллагаа нь уялдаатай байна. Гэтэл бид Засгийн газраа огцруулаад шинээр дахин байгуулдаг. Эргэж харах цаг болж... Тухайлбал, АНУ-ыг аваад үзэх юм бол 44 Ерөнхийлөгч сонгосон, тийм учраас төр засгийн тогтвортой байдлыг хангах. Энэ асуудлыг авч үзье. Нэгдүгээр асуудал нь энэ.
Хоёрдугаарт анхаарах асуудал нь манайд хэрээс хэтэрчихээд байгаа юм бол намаар талцах явдал газар авсан. Хүнийг чадавхиар нь үнэлдэггүй, манай намын гишүүн мөн үү, биш үү, хандив өгсөн үү гэдэг үнэлэмжтэй. Намаар талцдаг явдлыг хязгаарлая.
Гурав дахь асуудал бол Шинэ Үндсэн хуул батлагдсанаас хойш хотын асуудал яригдаж ирсэн. Хотын асуудлыг орхигдуулсан нь Улаанбаатар хотдоо хүн ам төвлөрөх шалтгаан болсон байна гэж үзсэн. Хуучин Дархан, Эрдэнэт хот байсан. Тиймээс хотынх нь статусыг эргэн сэргээх асуудлаар ярилцаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг ойрын үед өргөн барих ёстой болж байгаа.
-Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд Үндсэн хуульд ямар зохицуулалт тусгах ёстой гэж үзэж байгаа вэ?
-Монгол Улсыг засаглалынх нь хувьд аваад үзвэл Ерөнхийлөгчийн болон парламентын хосолсон засаглалтай гэж үздэг. Гол санаа нь Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгыг хязгаарлая, парламентыг өргөтгөсөн байдлаар бүрдүүлж сонгоё, жинхэнэ сонгодог парламент руугаа оръё. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлье гэдэг энэ чиглэл рүүгээ орох нь зөв юм гэж үзэж байгаа. Мөн Шинэ Ерөнхий сайд томилогдох бүрийд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгддөг. Түүнийг хязгаарлая. Төрийн албыг тогтвортой байлгах эрх зүйн орчныг бүрдүүлье гэдэг зүйлийг ярьж байна.
-Дан, давхар дээлий тухайд?
-Өнгөрсөн хугацаанд бүх байж болох хувилбараар Засгийн газрыг байгуулсан байна. Дан, давхар байдлаар. Жишээ нь Засгийн газрыг 100 хувь дотроос байгуулж үзсэн байна, 100 хувь гаднаас байгуулж үзсэн байна, холимог байдлаар байгуулсан байна. Ажлын хэсгийн хувьд Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх бололцоотой гэсэн байдлаар хязгаарлалт хийхээр тусгасан. Ерөнхий сайд нь угаасаа УИХ-ын гишүүн байдаг.
-Энэ ондоо багтаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чаддаг болов уу?
-Хуулиараа УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Монгол Улсын Үндэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Тэр утгаараа энэ ондоо багтаах ёстой.