Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.29.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тогтсоны дараа Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаан үргэлжилж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 77.2 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлгийг өмнөх хуралдаанаар хийж, цаг оройтсон тул завсарласнаар ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд санал хураалт явуулсан юм.
Үүний дараа Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нар танилцуулав.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулгадаа, эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд уг хуулинд 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Иймд хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох, Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан гэдгийг хэллээ.
Харин Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтэд, хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан прокурорын байгууллагыг тогтвортой ажиллуулах, прокурорын байгууллагын асуудалд туйлын хянуур, анхааралтай хандаж ажиллах, шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны хуулийн балансыг цогцолбороор нь авч үзэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар прокурорын ажилтны нийгмийн баталгаа болон бусад асуудлыг онцгой анхаарах, босоо удирдлагатай байгууллагын зарчим, шударга байдал нь алдагдаж, онц ноцтой, хүнд, зарим албан тушаалын гэмт хэрэг шийдэгдэхгүй байгаа талаар, мөн улс төр, улс төрийн байгууллага, институциэс бүрэн хараат бус байх нөхцөлийг хуульд тусгах шаардлагатай, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсны дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргаж байсан талаар гишүүдэд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан. Тухайлбал, Д.Ганбат гишүүн өнөөгийн прокурорын байгууллагын ажилтнуудын тоо, хүйсийн байдал, нийгмийн баталгааны талаар сонирхсон бол Улсын Их Хурлын гишүүн Х.Түвдэндорж, Д.Хаянхярваа нарын гишүүд шинээр байгуулагдах прокурорын дэргэдэх дэмжлэг үзүүлэх алба"-ны талаар тодруулсан юм.
Гишүүдийн асуултад Хууль зүйн сайд Дорлигжав болон Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нар хариулт өгсөн. Сайд хариултдаа, одоогийн байдлаар 468 прокурор үйл ажиллагаа явуулж байна. Шинэ хууль батлагдсанаар прокурорын тоо тодорхой хувиар өсөхөөр байгаа. Харин шинээр байгуулагдах прокурорын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх албаны тухайд өмнө байсан мөрдөн байцаах албанаас өөр бөгөөд тодорхой хэргийн харьяалалгүй, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд удаашралтай байгаа, тодруулах шаардлагатай зарим хэргүүдийг шалгаж прокурорт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байхаар төсөлд тусгасан гэв.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, манай байгууллага жэндерийн хувьд 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байсан бол өнөөгийн байдлаар 70 гаруй хувь нь эмэгтэй прокурор ажиллаж байна гээд цаашид хүйсийн тэгш байдлыг хангах тал дээр ажиллаж байгаа гэв. Мөн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргээс бусад зөрчлүүдийг прокурор дээр хянахаар зохицуулагдсан тул орон тооны хувьд нэмэгдэхээр байгааг дуулгасан.
Ингээд байнгын хорооны саналаар Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм.
Тэрээр, байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсан тухай хэлээд саналуудын талаар дурдав. Тухайлбал, хуулийн төслийн нэрийг Хууль тогтоомжийн тухай гэж өөрчилж, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх зэрэг 6 аргачлалыг Засгийн газар баталж мөрдүүлэх, мөн хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхээс өмнө албан ёсны цахим хуудсанд 30 хүртэл хоног байршуулж олон нийтээс санал авахаар төсөлд тусгасан байсныг дээрх хугацааг сунгаж 30-аас доошгүй хоног байршуулж санал авах зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан гэдгийг мэдэгдэв.
Түүнчлэн, Хууль тогтоомжийн тухай хуулийг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 43.6 дахь хэсгүүдэд Хууль тогтоомжийн эмхэтгэлд зөвхөн Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолыг хэвлэн нийтлэх, үүнтэй холбогдуулан бусад хуульд өөрчлөлт оруулах, уг эмхэтгэлийг 7 хоног тутам эрхлэн гаргах зохицуулалтыг хасах өөрчлөлтийг оруулах тухай зарчмын зөрүүтэй саналыг гаргасан тухай танилцуулсан.
Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан гишүүдийн асуултаар үргэлжилсэн өнөөдрийн нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд удирдан явуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, энэ хуулинд нэлээд олон шинэ зүйлс орж ирсэн, тэрийг үгүйсгэхгүй. Харин хуулийн төслийн нэрийг өөрчлөх саналтай санал нийлэхгүй байгаа тухай хэлээд Үндсэн хуулийг л хуулийн тухай хууль гэж нэрлэхээс уг хуулийг тэгж нэрлэж болохгүй хэмээн санал бодлоо илэрхийлж, нэрийг өөрчлөхгүй байхыг сануулсан. Мөн Л.Болд, Ц.Оюунбаатар нарын гишүүд хуулийн төсөлд олон нийтийн саналыг тусгах зарим арга хэлбэрүүд хараахан дэмжлэг авч чадаагүй гээд олон нийтийн сүлжээг ашиглан санал авах боломжийн талаар саналаа хэлж байсан.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулахдаа, өмнөх хуультай харьцуулахад олон нийтийн саналыг авах хөшүүргийг сайн тусгасан хууль болсон. Нийгмийн хөгжлийг даган тодорхой хугацааны дараа сайжрах байх. Хуулийн нэрний хувьд ажлын хэсэг дээр олонхиороо шийдсэн хэмээв.
Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан гишүүдийн асуулт асууж, саналаа хэлсний дараа хурал даргалагчийн зүгээс завсарлагааны цаг болсон байна гээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хураая хэмээн мэдэгдсэнээр өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлыг Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.