Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2015 оны 5 сарын 29

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.28/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс хойшх хуралдаанаар гишүүд төслийн талаар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Үүний дараа Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.

УИХ-аар 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг баталсан ч цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулах боломжгүй болсон тул алба хаагчийн эрх зүйн байдал, баталгаатай холбоотой асуудлыг зохицуулах хэрэгтэй болжээ.

Түүнчлэн цагдаагийн алба хаагчаас авч хэрэгжүүлдэг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг журмаар зохицуулж байгааг өөрчилж хуулиар зохицуулах шаардлага гарсан аж.

Хуулийн төслийг боловсруулахдаа алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгааг олон улсын хэм хэмжээ, бусад улсын туршлагыг судалж, Монгол орны онцлог, эрх зүйн системд нийцүүлэн, алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан бүлгийг өөрчлөн найруулсан байна. Түүнчлэн цагдаагийн тангарагийг өөрчлөн томъёолж, цагдаагийн цолыг “албан тушаалын цол” байсныг өөрчлөн, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан олгодог болгохоор тусгажээ. Цагдаагийн алба хаагчаас авч хэрэгжүүлдэг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг зохицуулсан бүлгийг шинээр нэмж, цагдаагийн төв байгууллагын бүтцийн нэгж, түүний хэрэгжүүлэх чиг үүргийг тухайлан заасныг ерөнхийлөн зохицуулах хэлбэрээр өөрчилжээ. Хууль зүйн байнгын хороо 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, цагдаагийн ажилтны тэтгэврийн насны хязгаарыг наашлуулах асуудал төсөлд туссан уу, хөдөө суманд ажиллаж буй цагдаад ямар урамшуулал олгох, хүнд нөхцөлд ажиллаж буй цагдаагийн ажилтны тогтвортой ажиллах боломжийг хангах талаар тусгасан эсэхийг тодруулж байлаа. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, цагдаагийн байгууллагад 25 жил ажилласан тохиолдолд тэтгэвэрт гарах эрх үүснэ гэж хариулсан. Тэрбээр, цагдаагийн албан хаагчийн болоод гэр бүлд хамаарах нийгмийн хамгааллын асуудлуудыг төсөлд тусгасан хэмээсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль зүйн сайд цагдаагийн байгууллагын даргыг томилох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, цагдаагийн ажлын үнэлэмжийг хэрхэн тооцох вэ, хууль батлагдсанаар энэ талаар ямар дэвшил гарах вэ. Цагдаа иргэнлиг биш байна гэсэн шүүмжлэл байнга гардаг, цагдаагийн ажилтны ёс суртахуун, сахилга хариуцлагын талаар хэрхэн тусгасан бэ гэсэн асуулт тавьсан. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Цагдаагийн ажилтныг зөв үнэлэхэд ажлын бүтээл, ажилласан жил, туршлагыг харгалзаж үзнэ гээд цагдаагийн ажилтнуудын ааш араншингийн талаар хуульд тусгаж бус захиргааны арга хэрэгслийг ашиглан зөв арга барилыг хэвшүүлэх бололцоотой гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн А.Бакей, хууль сахиулах ажилтнууд өөрсдөө дээд зэргийн ёс суртахуунтай байх ёстой. Цагдаагийн албан хаагчдын сахилга, ёс зүйн хэм хэмжээ, зан үйлийн талаар төсөлд тусгасан нь сайн хэрэг. Гэхдээ практик дээр хууль сахиулах ажилтны ёс зүй тааруу байна. Ажилтнаа зоддог, танхайрч, айлган сүрдүүлж, дарамталдаг байна хүн Баян-Өлгий аймагт байна. Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ийм хүн ажиллаж байна гээд энэ талаар ямар арга хэмжээ авахыг тодруулсан.

Хууль зүйн сайд энэ асуудлыг яамнаас хүн явуулж шалгуулах болно гээд зодуулсан хүн цагдаагийн байгууллагад мэдэгдэн, шалгуулах ёстой гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, хүний эрх зөрчиж байгаа тохиолдол хэрэг бүртгэл, мөрдөн байцаах шатанд гарч байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссын сүүлийн хоёр жилийн тайланд дурдагдлаа. Гэтэл албан тушаалаа ашигласан хүнтэй хариуцлага тооцохгүй байна. Тиймээс байцаалтын өрөөг бүгдийг камержуулах шаардлагатай гэж байлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, өөрт хамааралгүй асуудалд оролцон хүмүүсийг дарамтлаад явдаг цагдаагийн албан хаагч байна гээд хуульд ийм зөрчил гаргасан хүнийг шууд ажлаас нь халах заалт оруулж болох уу хэмээн асууж байлаа.

Өөрийн ажилладагаас өөр дүүрэгт очин бусдыг дарамталсан бол хууль бус үйл ажиллагаа. Тийм тохиолдол гарч буй бол иргэд гомдлоо гаргаад хариуцлага тооцуулах ёстой гэж Хууль зүйн сайд хариулсан. Хууль бус үйл ажиллагаа явуулж буй хүнийг ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулан ажлаас нь халах болно. Ийм хууль бус үйлдэлтэй тэмцэж байгаа гэж ЦЕГ-ын дарга Р.Чингис хэлсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22348
0 эможи
keyboard_arrow_up