Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар хэвлэлийн хурал хийв
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хийсэн мэдээлэлдээ, 2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны хооронд нийслэлд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц байдалтай газар дээр нь очиж танилцсаны зэрэгцээ барилгын компаниудын удирдлага, иргэдийн санал бодлыг сонссон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хэрэгжилт нийслэлийн 24 байршилд хийгдэж байгаа бөгөөд үүнд нийт гэр хорооллын 7 хувь хамрагдаж өнөөдрийн байдлаар 20 хувьтай явж байна. Ажиллах явцад иргэдээс ирж буй саналууд нь хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол Улсын Засгийн газар санхүүгийн баталгааны эх үүсвэр гаргаж өгөх мөн төвийн дулааны шугам сүлжээнд холбож өгөх асуудлыг хөндөж байсан талаар дурдав. Мөн иргэд НИТХ-ын 126 дугаар тогтоолоор баталсан гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой журам хүний эрхийг зөрчиж байгааг дуулгаад энэхүү дахин төлөвлөлтийг хууль эрх зүйн хүрээнд явуулах ёстой гэлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлагдах гэж байгаатай холбогдуулан тус баримт бичгийн зорилт болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.